Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Б.Саранцэцэг:
Бид 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит гурав дахь удаагийн уралдааны “Грант олгох төсөл” төрөлд “Үерийн эрсдэлийн нийгэм, эдийн засгийн үр дагавар, хохирлыг урьдчилан тооцоолох арга зүй боловсруулах нь” сэдэвт төслөөр амжилттай оролцож, “Суурь судалгааны төсөл” төрөлд шалгарсан юм.
Суурь судалгааны төслийг боловсруулах хугацаанд үерийн 92 тохиолдол бүртгэгдэж, харамсалтай нь 79 иргэн, үүнээс 14 хүүхэд амь насаа алдсан бол 17 хүний амь насыг аварсан. Мөн 2024 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 82 см-ээр давж, нийслэлийн зарим хэсэгт эрсдэл үүсээд байв. Нийслэлийн ИТХ-ын хурлаар үерээс хамгаалах байгууламжийг 22 байршилд барихаар төлөвлөж, үерийн эрсдэлийг бүрэн арилгахад нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Нийслэлийн Онцгой комиссын хурлаар гаргаж байсан.
Тухайн үед гамшгийн эрсдэлийн судалгаанаас үерийн асуудлыг нарийвчлан судлах зайлшгүй шаардлага тулгарч байсан бөгөөд ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ сэдэв нэн чухалд тооцогдож байлаа. Энэ нь бидний судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөхцөл болсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шагнал хүртсэндээ маш их баяртай байдаг. Энэхүү шагнал нь Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг чухал шагналуудын нэг юм.
Түүнчлэн судалгааны багт Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачид багтсан нь цаашид судалгаа, шинжилгээний ажил хийх өргөн боломжийг нээж өгсөн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад салбарын байгууллагууд шинжлэх ухаанч хандлагыг эрхэмлэж, эрдэм шинжилгээний бүтээлүүдэд анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл болсон гэж үзэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шагналын мөнгөн урамшуулал нь судалгааны ажлыг боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн бодит дэмжлэг болсон. Түүнчлэн “Грант олгох төсөл” шалгаруулах уралдаан нь өөрөө нэр хүндтэй бөгөөд шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Ялангуяа хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй энэхүү уралдааны ач холбогдлыг онцлон тэмдэглэмээр байна.
Энэхүү уралдаан 2026 онд зургаа дахь жилдээ зохион байгуулагдахаар зарлагдаад байна. Судлаач та бүхнийг уралдаанд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Та бүхэн энэхүү уралдаанд оролцсоноор шинжлэх ухааны байгууллагууд болон төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна судалгааны арга зүйгээ сайжруулж, судалгааны үр дүнгээ бодит амьдралд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн судалгааны үр дүнгээ үндэсний болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх боломж нээгдэнэ. Иймээс энэхүү уралдаан нь судлаач бидний хувьд томоохон бахархал төдийгүй чухал боломж юм гэдгийг дахин онцлон хэлмээр байна.
Иймд салбарын эрдэмтэн, судлаачид, профессор, багш, суралцагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл” шалгаруулах уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эрдэм номын ариун үйлс, судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
Номын цагаан буян үүрд дэлгэрэх болтугай.