“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эерэг” сэдэлжүүлэх сэтгэл зүйн сургалт болон дэмжих үйл ажиллагааг Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран есдүгээр сарын 18-нд зохион байгууллаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуультай хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтад “Үг урлаачдын нийгэмлэг”-ийн тэргүүн, лектор Г.Бандицэрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Анхтуяа нар оролцож, эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ онцлог, хэрэгцээг ойлгон хүлээн авах, зөв, эерэг харилцаа бий болгох, тулгамдсан нөхцөлд сэтгэл хөдлөлөө зохицуулах, стрессийг зөв удирдах талаар сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн бакалаврын төгсөх дамжааны сонсогч, суралцагчид Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн сурагчдын мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн дадал, ур чадварыг дэмжих зорилгоор тус сургуулийн дэргэдэх кофе шопын үйл ажиллагаатай танилцаж, бариста мэргэжлээр суралцаж буй сурагчдын хоёр сарын дадлага, сургалтад ашиглах кофе болон шаардлагатай хэрэглэгдэхүүнийг хандивлан дэмжжээ.
Түүнчлэн Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн 50 жилийн ойн хүрээнд сурагчдын бүтээлч хөдөлмөрийг дэмжих зорилгоор тэдний урласан гар урлалын бүтээлээс худалдан авч, үйл ажиллагааг нь дэмжсэн байна.
Үүний зэрэгцээ сонсогч, суралцагчид “Монгол шуудан”-гаар дамжуулан гэр бүл, хайртай дотны хүмүүстээ сэтгэлээ илэрхийлсэн захидал бичиж, 55 дугаар сургуулийн 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркийг захидалдаа наан илгээжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн сэтгэл зүйн сайн сайхан байдал, хөгжил, оролцоо, хөдөлмөрийн дадал, бүтээлч үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ тусгай хэрэгцээтэй хүүхдэд чиглэсэн эерэг хандлага, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэснээрээ онцлог боллоо.