Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нарын нэг, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хууль зүйн доктор, профессор, Дотоод хэргийн их сургуулийн "Хүндэт профессор", хурандаа Д.Цогт-Очир Их сургуульдаа зочиллоо.
Хурандаа Т.Цогт-Очир нь 1939-1943 онд бага сургууль, 1943-1945 онд Улаанбаатар хотын багшийн сургууль, 1953-1956 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1962-1966 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны хуулийн дээд сургуульд тус тус суралцаж, хуульч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1982 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Түүнчлэн нэг сэдэвт бүтээл-5, хууль зүйг боловсронгуй болгох, иргэдийн хууль эрхийн ухамсрыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохтой холбогдсон сэдвээр 200-аад өгүүлэл, найруулал, өгүүллэг, сурвалжлага, тэмдэглэл бичсэн байна.
Хүндэт профессор, цагдаагийн хурандаа Д.Цогт-Очирын бичсэн ном бүтээлүүд нь Монголын цагдаагийн болон хуулийн байгууллагын үе үеийн алба хаагчид, албан тушаалтнуудыг бэлтгэн гаргах их үйлст үр шимээ өгсөн, иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг, хүмүүжил, сонор сэрэмж мэдрэмжийг дээшлүүлэхэд зохих ач холбогдол үзүүлсэн төдийгүй, одоо ч бүтээлүүд нь үнэ цэнээ алдаагүй эрх зүйч, хуульч, хууль сахиулагчдыг бэлдэхэд эх сурвалж болсоор байгаа юм.
Тэрээр Монгол Улсын тагнуулын байгууллагын анхны хууль зүйн ухааны доктор, профессор, Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн билээ.
Д.Цогт-Очир багш 1987 оноос 1995 онд Цагдаагийн дээд сургуулийн гүйцэтгэх ажлын багшаар ажиллаж, хуульч мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан төдийгүй амьдралын баялаг туршлага, мэдлэг чадварт тулгуурлан “Гэмт хэргийг илрүүлэх арга тактик”, “Хуульчийн ёс зүй”, “Цагдаагийн ажилтны ёс зүйн үндэс”, “Цагдаагийн ажилтны ёс зүй” зэрэг гарын авлага, ном бичсэн нь өнөөдөр хуулийн сургуулиудын сургалтад ашиглагдаж буй сургалтын гол хэрэглэгдэхүүн хэвээр байна.
Буурал багшдаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөе.