“ЗОХИОГЧ-УНШИГЧДЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-30
“ЗОХИОГЧ-УНШИГЧДЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн багш нарын 32 дахь баярын өдрийг тохиолдуулан Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Л.Бат-Очирын бүтээлээр өнөөдөр /2026..09.29/ “Зохиогч-Уншигчдын уулзалт” зохион байгууллаа.

Номын сангийн хамгийн олон уншигчтай бүтээлээр доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Л.Бат-Очирын 2020 онд хэвлүүлсэн “Эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги” сурах бичиг болон 2019 онд хэвлүүлсэн “Гэмт этгээдийг баривчлах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох хэм хэмжээ” бүтээл тус тус шалгарсан юм.

Уулзалтад Их сургуулийн дэд захирал бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Цагдаагийн сургуулийн тэнхимийн профессор, эрдэмтэн багш, судлаачид, докторын хөтөлбөрт суралцагчид болон эчнээ дамжааны суралцагчид оролцлоо.

Доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Л.Бат-Очирын бүтээлүүд нь хууль зүйн их, дээд сургуулийн багш, суралцагчид, хууль сахиулах байгууллагын алба хаагчид, мөн эрүүгийн эрх зүй, зөрчлийн эрх зүй, гэмт этгээдийг баривчлах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох хэм хэмжээний талаар сонирхон судалж буй судлаачдад зориулснаараа онцлогтой.

Тэрээр хууль сахиулах байгууллагын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх, тэдний мэргэжлийн болон танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон тооны ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг туурвин хэвлүүлжээ.

Түүний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээс дурдвал, нэг сэдэвт бүтээл 4, сурах бичиг 2, гарын авлага 13, дотоодын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл нийт 63, удирдаж хамгаалуулсан магистр, бакалаврын ажил 33, докторын судалгааны ажлын албан ёсны шүүмж 5, хууль, хөтөлбөр боловсруулах болон судалгааны ажлын хэсэгт 37 удаа ажилласан байна.

Мөн тэрээр хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх 18 жилийн хугацаанд бакалавр, магистр, докторын түвшинд нийт 6500 орчим суралцагчийг сургаж, мэргэжлийн боловсон хүчин болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, багш юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook