Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад хууль зүйн тогтолцооны үүрэг: Хууль, шүүхийн практик ба хүртээмж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ӨНӨӨДӨР /2026.09.29/ “Генерал” танхимд зохион байгууллаа.
Тус хуралд Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо болон бусад төрийн, төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд оролцож, нийт 36 илтгэл ирүүлснээс 8 илтгэлийг сонгон хэлэлцүүлэв. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүртээмж, хууль зүйн туслалцааны асуудлыг хэлэлцлээ.
Мөн хурлын үеэр Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч болон Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий багш нар хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, эрхээ хамгаалуулахад нь дэмжлэг үзүүлэв.
Хурлын илтгэл, хэлэлцүүлгийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхэд хандах эрх, хүртээмж, хууль зүйн туслалцаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн нэгдсэн санал, зөвлөмжийг боловсруулан баталлаа.
Тус эрдэм шинжилгээний хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин, шүүхийн практик, хүртээмжийн асуудлыг салбар хоорондын түвшинд хэлэлцэж, цаашид боловсронгуй болгох асуудлаар нэгдсэн санал, зөвлөмж боловсруулахаар болов.