Сургалт нь шинээр элсэгчдийг их сургуулийн орчинд дасан зохицох, суралцах арга барилаа тодорхойлох, бие даан суралцах чадвараа хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох хүсэл эрмэлзлийг дэмжихэд чиглэв.
Сургалтаар тэнхимийн багш нар суралцах зорилго, цагийн төлөвлөлт, хичээлийн тэмдэглэл хөтлөх, уншсан мэдээллээ ойлгож нэгтгэх талаар зөвлөмж хүргэв. Мөн их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын онцлог, ялгаа, оюутны бие даасан оролцоо, хариуцлага, хамтран суралцах дадлын талаар мэдээлэл өглөө.
Эрдэм шинжилгээний ажлын онцлог, ач холбогдлыг танилцуулж, судлах асуудлаа сонгох, тодорхой асуулт дэвшүүлэх, мэдээлэл цуглуулах, эх сурвалжийг нягтлах, үндэслэлтэй дүгнэлт боловсруулах арга барилыг жишээгээр тайлбарлав. Үүнтэй уялдуулан илтгэл, өгүүллийн бүтэц, бичих арга зүй, эшлэл болон эх сурвалжийг зөв тэмдэглэх шаардлагыг танилцуулж, бусдын бүтээлийг өөрийн мэт ашиглахгүй, мэдээлэл, судалгааны үр дүнг зохиохгүй байх ёс зүйн зарчмыг онцоллоо.
Хотын соёл, эрх зүйн ухамсрын хүрээнд нийтийн орчинд биеэ зөв авч явах, бусдын эрхийг хүндэтгэх, нийтийн эд хөрөнгийг хайрлан хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэв. Түүнчлэн 2026 оны шилдэг төгсөгч Б.Биндэръяа суралцах арга барил, сайн туршлагаасаа хуваалцлаа.
Сургалтын үеэр оюутнуудын суралцах хэв загварыг тодорхойлох асуумжийн судалгаа авч, үр дүнг нь суралцагчдын хэрэгцээнд нийцсэн сургалтын арга зүйг төлөвлөхөд ашиглахаар ажиллаж байна.
Мөн шинэ элсэгчдэд урам өгч, суралцах хүсэл эрмэлзлийг нь дэмжих зорилгоор багш нарын мэндчилгээ, урмын үг бүхий номын хавчуурга гардуулж, мэдлэг, чадвараа хөгжүүлэх замд нь багш нарын дэмжлэг хамт байхыг илэрхийллээ.