Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогчдод тус сургуулийн мэргэжлийн долоон тэнхимийн дэргэдэх клубүүдийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг өчигдөр /2026.10.07/ зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь шинэ элсэгч сонсогчдод сургуулийнхаа дэргэдэх клубийн үйл ажиллагаа, зорилго, чиглэлтэй танилцах, өөрийн сонирхол, авьяас чадварт нийцсэн клуб, дугуйланд хамрагдах боломжийг бүрдүүлэх, тэдний идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Өдөрлөгийн үеэр “Цагдаа судлал”, “Гэмт явдал судлал”, “Хууль сахиулагч”, “Экологийн аюулгүй байдал судлал”, “Тактик”, “Мөрдөгч”, “Зохицуулагч”, “Цагаан арслан”, “Мэргэн буудагч” зэрэг клубүүд үйл ажиллагааны чиглэл, зорилго, хэрэгжүүлж буй хөтөлбөр, зохион байгуулдаг үйл ажиллагаа болон сонсогчдод олгож буй боломжийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.Мөн клубийн үйл ажиллагаанд хамрагдсанаар сонсогчид мэргэжлийн мэдлэг, ур чадвараа бататгахаас гадна багаар ажиллах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, манлайлах чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийн авьяас, сонирхлоо хөгжүүлэх өргөн боломжтой талаар мэдээлэл хүргэв.
Өдөрлөгт Цагдаагийн сургуулийн 1 дүгээр дамжааны сонсогчид идэвхтэй оролцож, сонирхсон клубийн үйл ажиллагаатай танилцан, багш, алба хаагчдаас мэдээлэл, зөвлөгөө авч, цаашид хамрагдах клубээ сонгох боломж бүрдсэн юм.