Цагдаагийн дээд сургуулийн 1996 оны Хуулийн тусгай мэргэжлийн хоёр дахь төгсөгчдийн 30 жилийн ойн уулзалт өнөөдөр /2026.10.08/ Дотоод хэргийн их сургуульд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд тухайн үеийн сургуулийн захирал, эрдэмтэн багш, төгсөгчид болон тэдний гэр бүлийн төлөөлөл оролцсон юм.
Манай төгсөгчдөөс нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах эрхэм үйл хэрэгт 30 гаруй жилийг зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах албан тушаалтан, эрдэмтэн судлаач, салбар бүрийн шилдэг албан хаагчид олноор төрөн гарсан нь эрдэмтэн багш нарынхаа эрхэм бахархал юм.
Төгсөгчдөд Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, ангийн багш, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Нарантуяа нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Энэ үеэр Их сургуулийн захирлын тушаалаар төгсөгчдөд Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн тэмдэг, төгсөгчдөөс Дотоод хэргийн их сургууль болон эрдэмтэн багш нарт дурсгалын зүйл гардууллаа. Мөн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн төгсөгчдөдөө хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй зогсож, ар гэрийн төлөөлөлд нь дурсгалын зүйл гардуулав.
Цагдаагийн хурандаа Г.Буянхишиг хэлсэн үгэндээ “Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт эрчимжиж, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн цаг үед Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 146 дугаар тушаалаар Цагдаагийн дээд сургуульд хоёр жилийн хугацаатай, 80 сонсогчийн орон тоотой түргэвчилсэн сургалттай анги нээсэн түүхтэй. Тус анги анхны төгсөлтөө 1995 оны зургаадугаар сард хийсэн бөгөөд та бүхэн энэ түүхэн цаг үеийн гэрч билээ.
Цагдаагийн дээд сургуулийн хуулийн дундын хоёр дахь элсэлтийг 1994 онд зохион байгуулж, байгууллагад ажиллаж байсан алба хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс 79 сонсогч элсүүлснээс 1996 онд 62 сонсогч төгсөж, цагдаагийн дэслэгч цол хүртсэн тэрхүү мөч саяхан мэт санагдаж байна.
Та бүхний төгссөн төрөлх сургууль өнөөдөр олон улсын стандартад нийцсэн сургалтын орчныг бүрдүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн Монгол Улсын анхны сургуулиудын нэг болон хөгжиж байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийнхөө тоогоор тэргүүлэх байр суурийг эзэлж, боловсролын чанарыг Азийн жишигт хүргэх зорилт дэвшүүлэн, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Төгсөлтийнхөө анхны цагдаагийн хурандаа Б.Гантулга “Бид 1996 оны зургаадугаар сарын 7-нд 62-уулаа сургуулиа төгсөж, цагдаагийн дэслэгч цол, мөрдэсээ зүүж байлаа. Ангийн нөхдөөс маань Баян-Өлзийгийн Батжаргал, Хүрэлбаатарын Дөл нар сурлага, идэвх зүтгэлээрээ манлайлан онц төгсөж, бакалаврын эчнээ ангид суралцах эрхээр шагнуулж байсан. Мөн Монгол Улсын гардан тулааны аварга, “Сонсогчийн алдар” тэмцээний хоёр удаагийн аварга, “Цагдаа” тэмцээний хоёр алт, хоёр мөнгөн медальт Жанчивдоржийн Дугардорж бакалаврын өдрийн ангид, Ням-Өлзийн Эрдэнэ-Очир бакалаврын эчнээ ангид урилгаар элсэн суралцах эрх авч байсныг дурсан санахад таатай байна. Ангийн нөхдөдөө ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.
Уулзалтын дараа төгсөгчид Их сургуулийн сургалтын орчинтой танилцаж, дурсгалын зургаа татуулсан юм.
Өнөөдөр 30 жилийн ойгоо хүндэтгэл дүүрэн тэмдэглэж буй Цагдаагийн дээд сургуулийн 1996 оны Хуулийн тусгай мэргэжлийн хоёр дахь төгсөгчид та бүхэндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.