"ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ" НОМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Огноо: 2026-10-13
"ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ" НОМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“Профессорын эрдмийн дээжис” 120 боть бүтээлд багтсан ДХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Дашгаадангийн "Цагдаагийн албан хаагчийн сургалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт" номыг танилцуулж байна.

Цагдаагийн хошууч Э.Дашгаадан номынхоо тухай: "Их сургуулийн түүхэнд төрөн гарсан эрдэмтэн, судлаач, профессор багш нарын шилдэг бүтээлүүдийг нэгтгэсэн энэхүү цуврал нь манай сургуулийн эрдэм шинжилгээний өв сан, салбарын шинжлэх ухааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр юм.

Энэхүү 120 ботид миний 2023 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан судалгааны ажлаа шинэчлэн найруулж, нэг сэдэвт бүтээл болгон хэвлүүлсэн “Цагдаагийн алба хаагчийн сургалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт” ном маань багтсан нь нэр төрийн хэрэг, бас эрдэм судлалын ажлын маань нэгэн чухал үр дүн байлаа.

Цагдаагийн алба хаагчийг хэрхэн бэлтгэх, ямар мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшүүлэх, сургалтын тогтолцоог ажлын байрны шаардлага, албаны чиг үүрэгтэй хэрхэн уялдуулах асуудал бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чанар, үр нөлөөтэй шууд холбоотой чухал сэдэв юм.

Нийгэм, эдийн засаг, техник технологийн хөгжил хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед цагдаагийн алба хаагчийн сургалт нь зөвхөн хууль зүйн мэдлэг олгохоор хязгаарлагдахгүй, тасралтгүй суралцах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэх шаардлагатай.

Энэ үүднээс би судалгаандаа цагдаагийн алба хаагчийн сургалтын үе шат, түвшин, тэдгээрийн уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг судалж, сургалтын нэгдмэл, залгамж холбоотой тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудалд анхаарч ажилласан. Судалгааны үр дүн маань салбарын сургалтын бодлого, практикийг хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг.

Энэхүү бүтээлийг туурвих замд эрдэм шинжилгээний ажлыг маань удирдан чиглүүлж, үнэтэй зөвлөгөө өгч, дэмжин тусалсан эрхэм багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхдорж багшдаа дахин талархал илэрхийлье" гэж онцолсон юм.

Та бүхэн энэхүү номыг худалдан авахыг хүсвэл Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн номын санчид хандаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook