ХУРАНДАА Б.САРАНЦЭЦЭГ: ШАДАР ТҮРҮҮЧ ЦОЛТОЙ АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛЖ БАЙЛАА

Огноо: 2026-10-13
ХУРАНДАА Б.САРАНЦЭЦЭГ:  ШАДАР ТҮРҮҮЧ ЦОЛТОЙ АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛЖ  БАЙЛАА
ХУРАНДАА Б.САРАНЦЭЦЭГ: ШАДАР ТҮРҮҮЧ ЦОЛТОЙ АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛЖ БАЙЛАА

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан “ШИЛДЭГ БАГШ”-аар шалгарсан Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Б.Саранцэцэгтэй товч ярилцлаа.
 
-Таны амрыг эрье. Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний багшаар шалгарсанд баяр хүргэе.  Энэ олон багш нараас онцгойрон энэ шагналын эзэн болоход хүргэсэн амжилтуудаар тань яриагаа эхэлье. 
-Амрыг эрье. Баярлалаа.  Юуны өмнө мөрдэс нэгтэй багш нартаа баярын мэнд хүргэе. 2026 он  миний хувьд үнэхээр  ололт амжилт дүүрэн байлаа. Удирдлагын академийн “Стратеги” магистрын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, хос хөтөлбөр болгох ажлын хэсэгт ажилласан маань үр дүнтэй ажил болсон. Мөн “Онцгой байдлын стратеги” магистрын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх ажлыг хамт олонтойгоо хамтран зохион байгууллаа. Манай сургуулийн хамгийн гол зорилт эрдэм шинжилгээний бүтээлээ Scopus-той сэтгүүлд хэвлүүлэх байсан юм. Иймээс Удирдлагын академийн багш, суралцагчидтай хамтарч Scopus Q2-той “Journal of Fish Taxonomy” сэтгүүлийн  Vol. 38 (2026) дугаарт “Fire Safety Risk Status in Mongolia”, гадаадын бусад  эрдэмтэдтэй хамтран Бюллетень Почвенного института им. В.В. Докучаева. 2026. Вып. 127, Dokuchaev Soil Bulletin, 2026, 127 Scopus сэтгүүлд “Ecological state of soils and waters in the mining areas of South Gobi province of Mongolia”, “Ойкумена” бүс нутгийн судалгааны сэтгүүлд 2026 №2 дугаарт “Roads that Divide Us” өгүүллийг тус тус хэвлүүллээ. Ингээд дурдаад байвал бас нэгэн завгүй хичээлийн жил өнгөрчээ. Аливаа амжилт үр дүн хэзээ ч  хувь хүнийх байдаггүй. Хамтран ажилласан, дэмжин тусалсан хүмүүстээ болон удирдлагууддаа талархал илэрхийлье. Итгэлийг тань алдахгүй сурсан эрдэм мэдлэгээ Их сургуулийнхаа хөгжилд оруулсаар байх болно гэж хэлье. 


-Хүн бүхэнд өөрийн гэсэн ноу хау гэж байдаг. Таны ажил амьдралдаа баримталдаг зарчим, ноу хау тань  юу вэ?
-Намайг бага байхад аав, ээж минь “Давс хийвэл уустал ажил хийвэл дуустал” гэдэг үгийг байнга санаж, хэрэгжүүлж бай гэж хэлдэг байсан. Иймээс нэг ажлыг эхлүүлбэл чин сэтгэлээсээ чанартай дуусгаж байж амардаг. Мөн миний эрдэм шинжилгээ судалгааны ажилд байнга зөвлөн тусалдаг шинжлэх ухааны доктор, профессор О.Үржин багш минь “Мэдсэн мэдлэгээ байнга хуваалцаж, олонд түгээж, тусалж яваарай“ гэж захидаг юм. Энэ үгийг  үргэлж санан хүн бүхэнд тусалж дэмжиж, асуусан зүйлд нь цаг гаргахыг хичээдэг. 
Хүн гэдэг сэтгэлийн дэм, урам зоригоор амьдардаг. Бидний үйлдэл бодол санаанаас эхлэлтэй. Тиймээс аливаа асуудлыг эергээр бодож байвал таны эргэн тойрон баяр хөөрөөр дүүрэх болно. Өөрийнхөө сурсан мэдлэгийг амьдралд ашиглаж сур, өөрийнхөө болон өрөөл бусдын амьдралыг аз жаргалтай болгохын тулд бие биесээ дэмжиж, урмын үг хайрлаж байхыг байнга ажил амьдралдаа баримталдаг маань олон эерэг үр дүн, амжилтыг авчирсан гэж боддог. 


-Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар хурандаа цолоо зүүлээ. Өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийнхаа 2026 оны  “Шилдэг багш” болсон. Энэ мөчид ажлын гараагаа эхэлж байсан өдрүүдээ эргэн дурсана уу? 
-Баярлалаа. Ойрын хэдэн жил энэ дурсамжаасаа хол явсан байна шүү. Энэ мөчид эргэн дурсахад сайхан байна. Анх 2007 онд Цагдаагийн академийн Гадаад харилцааны мэргэжилтнээр томилогдож байлаа. Удалгүй Онцгой байдлын ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон шадар түрүүч цол авснаар цэргийн хүн болсон доо. 
Онцгой байдлын ерөнхий газрын Улсын Онцгой комиссын ажлын албанд ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахлагчийн сургуульд багш, сургалтын арга зүйчээр томилогдсон. 2018 оноос Ахисан түвшний боловсролын сургууль, Онцгой байдлын сургууль, Удирдлагын академи гээд бүх түвшний сургалтад багшилснаараа бахархаж байна. Энэ дашрамд хамтран ажиллаж байсан багш нар,  шавь нартаа баярлалаа гэж хэлье. Багш хэмээх эрхэм ажлынхаа буянаар энэ шагналын эзэн болж, хурандаа цолоо зүүсэн. Дөнгөж хурандаа цолоо зүүгээд  шууд ажлаа хийж явсан чинь олон хүмүүс баяр хүргэж, та чинь хурандаа цол дөнгөж аваад завгүй ажиллах юмаа гэж байсан. Өнөөдөр гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэнэ 


-Та сая багш мэргэжлийнхээ буянаар хурандаа цолоо зүүж, “Шилдэг багш”-аар шалгарлаа гэж бахархан ярьж байна. Таны хувьд багш хүнд байх ёстой хамгийн эрхэм нандин чанарыг юу гэж онцлох вэ? 
-Нийгэм, эдийн засаг, байгаль ертөнц байнга хувьсан өөрчлөгдөж байдагтай адил багш хүн байнга өөрийгөө хөгжүүлж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой гэж боддог. Тиймээс бидний ажил  Их сургуулийн  орчинд өрнөхөөс гадна дэлхийн эрдэмтэн судлаач, багш нартай хамтран ажиллах, тэдний арга зүйг эзэмших, мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Иймээс ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэнтэй хамтран “Олон Улсын тээврийн коридор үүсэж, геополитикийн харилцаа хурцдах нөхцөлд Монголын ба Оросын зүүн бүс нутгийн аж үйлдвэрийн нөөцийг шинээр ашиглах гео-эдийн засаг, геоэкологийн тэргүүлэх чиглэлүүд” (2024-2026) сэдэвт хамтарсан олон улсын судалгааны төслийн гүйцэтгэгчээр ажиллаж 10 гаруй докторын туршлагыг судлан ажиллаж байна. Мөн АНУ-ын “University of Northern Iowa” сургуульд энэ оны 11 дүгээр сард багш солилцоогоор явахаар төлөвлөж байна.


-“Шилдэг багш”-ийн бусад багш нартаа урам өгөх чин сэтгэлийн үгээр тань ярилцлагаа өндөрлөе. 
-Баярлалаа. “Та зорилгодоо хүрэхийн тулд хийх эхний алхам бол “Юу хүсэж байгаагаа тодорхой болгох” хэрэгтэй. Хүн болгон хүссэн зорилгодоо хүрэхийн тулд шууд дардан цагаан замыг туулаад хүрдэггүй. “Алдаагаа судал, сургамж ав, дараагийн удаад ял” гэж өөртөө хэлэх дуртай үгээ хэлье. Мэдээж өнөөдрийг хүртэл зам бусдын нэгэн адил дардан байсангүй.  “Мөсөн уулын онол” адилаар өнгөрсөн хугацаа маань тэвчээр, хатуужил их шаардсан мөчүүд олон тохиолдсон. Энэ бүхнийг даван туулж, эрч хүчтэй хичээж зүтгэж явсныхаа шагналыг авсандаа баяртай байна. Эрдмийн хамт олондоо багш нарын баярын мэнд хүргэе. 

-Баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье. 

Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook