Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболдыг урьж ярилцлаа. Тэрбээр 2025–2026 оны хичээлийн жилд судалгаа, сургалт, суралцагчдын хөгжилд чиглэсэн олон талт ажлаараа “Тэргүүний арга зүйч багш”-аар шалгарсан юм.
-“Тэргүүний арга зүйч багш”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Өнгөрсөн хичээлийн жилийн онцлох ажлаасаа танилцуулахгүй юу?
-Баярлалаа. 2025–2026 оны хичээлийн жил миний хувьд сургалт, судалгаа, суралцагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр олон ажил хийсэн, ололт амжилтаар дүүрэн жил болсон.
Тухайлбал, “Жендэр судлал” хичээлийн хүрээнд Project Based Learning буюу төсөлд суурилсан судалгааны арга зүйг нэвтрүүлсэн. Энэ нь багш зааж, суралцагч сонсдог уламжлалт аргаас ялгаатай бөгөөд нийгмийн амьдралын бодит асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхэд суралцагчдыг идэвхтэй оролцуулдгаараа онцлог.
Энэ хүрээнд суралцагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хэмжээнд жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан соёл, хандлагыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Тэд үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв тооцоогоо бие даан боловсруулж, сургуулийн захирлаар батлуулсан. Мөн жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай өөрсдөө холбоо тогтоон хамтран ажиллаж, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа хийж, тэдгээрийг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн.
Үүнээс гадна Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захиалгаар Системийн инженерчлэлийн институцитай хамтран “Монгол Улсын эдийн засгийн тогтолцооны загвар ХЭТ-16-19”-ыг боловсруулах судалгаа хийж, тайланг нийтийн хүртээл болгосон. Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран “Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм, залуусын оролцоо” сэдэвт төслийг хэрэгжүүлсэн.
-Та хичээлээ бэлтгэх, заах арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Их сургуулийн хичээл шинжлэх ухаанч байх ёстой гэж би боддог. Тиймээс хичээлээ бэлтгэхдээ тухайн салбар шинжлэх ухааны онолын суурь үзэл санаа, мэдээ мэдээллийг нэгтгэж, түүнийг суралцагчдын сэтгэхүй, мэдлэгийн түвшинтэй уялдуулан тайлбарлахыг зорьдог. Шаардлагатай тохиолдолд жишээ, кейсээр баяжуулна.
Үүний дараа суралцагчид хичээлийн агуулгыг хэрхэн ойлгох, ач холбогдлыг нь хэрхэн ухамсарлахад чиглэсэн дасгал, даалгавар, үнэлгээний шалгуурыг боловсруулдаг.
Багшийн ажлыг зөвхөн хуваарьт хичээлээр хэмжиж болохгүй. Зааж буй хичээлтэй холбоотой олон улсын чиг хандлага, шинэ сорилт, туршлага, онолын үзэл санааг байнга судалж, хичээлээ баяжуулах шаардлагатай. Тиймээс судлах, эрэл хайгуул хийх ажилд ажлынхаа ихээхэн цагийг зарцуулдаг.
-Тэгвэл сайн арга зүйтэй багшийн хамгийн чухал чанар юу вэ?
-Хичээлийн агуулгаа гүнзгий мэдэх, заах арга зүй сайтай байх, суралцагчаа ойлгох гэсэн гурван зүйлийн аль нэгийг нь чухал, нөгөөг нь чухал бус гэж эрэмбэлэх нь оновчгүй гэж боддог. Хичээл заах үйл явц багш, суралцагч, ярих зүйл гэсэн гурван хүчин зүйлээс хамаардаг.
Багш өөрөө маш сайн бэлтгэж, хичээлийнхээ сэдвийг гүнзгий судалж, түүнийгээ суралцагчдад хүргэх тохиромжтой аргыг байнга эрэлхийлэх ёстой. Үүнд л багшийн ажлын байнгын хүчин чармайлт оршдог.
Миний хувьд суралцагчид өөрчлөгдөж, хандлага нь эерэг болж, мэдсэн, ойлгосон зүйлээ үйлдлээрээ харуулах нь багшийн ажлын хамгийн том үр дүн. Тиймээс ийм үр дүнг бий болгохын тулд заах аргадаа тогтмол өөрчлөлт оруулахыг хичээдэг. Өнгөрсөн хичээлийн жилд суралцагчдад ойлгогдох, тэдний эмпати чанарыг өдөөхөд чиглэсэн арга зүйг түлхүү ашигласан. Жендэр судлал, хүний эрх, хорих ял эдлүүлэх ажиллагаа зэрэг хичээлийн хувьд энэ арга үр дүнтэй гэж боддог.
-Судалгааны ажилд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Их сургуулийн багш байх, судлаач байх хоёр салшгүй холбоотой. Судлахгүй бол багш хөгжихгүй. Би аль болох нийгмийн олон талт харилцааг судлахыг хичээдэг. Учир нь хууль зүйн салбарын судалгаа зөвхөн эрх зүйн онолоор хязгаарлагдах боломжгүй. Нийгмийн амьдрал, хүмүүсийн хандлага, үзэл санаа байнга өөрчлөгдөж байдаг. Тэдгээр өөрчлөлтийн зүй тогтлыг таньж мэдэхгүйгээр хууль зүйн салбар дангаараа хөгжих боломжгүй.
Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон бусад байгууллагын захиалгаар “Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт туссан хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь” сэдэвт судалгааг хэрэгжүүлсэн. Тус судалгаанд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 18 эрхийг нарийвчлан судалж, нийт 97 бие даасан эрх агуулагдаж байгааг олон нийтэд танилцуулсан.
Мөн сүүлийн хичээлийн жилүүдэд хүний эрх, эрх чөлөө, хууль сахиулах ажиллагааны хүрээнд дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хурал, сэтгүүлүүдэд 15 гаруй илтгэл, өгүүлэл нийтлүүлж, хэлэлцүүлсэн.
-Та суралцагчдаа мэдлэг чадвартай болгохоос гадна хандлага, төлөвшилд нь нэлээд анхаардаг шиг санагдлаа.
-Манай суралцагч, төгсөгчид ирээдүйн хууль сахиулах салбарын тэргүүний, манлайлагч хүний нөөц болон бэлтгэгдэх учиртай. Тиймээс өнгөрсөн хичээлийн жилд тэдний хөгжил, хандлага, төлөвшилд эерэгээр нөлөөлөхөд чиглэсэн олон ажил хийсэн.
Ялангуяа хүний эрх, жендэрийн тэгш байдлын мэдрэмжийг хөгжүүлэх, өрөөсгөл ойлголт, хандлагад нь нөлөөлөхөд анхаарсан. “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран хүний эрх ба хиймэл оюуны салбар дахь тодорхой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Мөн ахлах курсийн сонсогчид доод курсийн сонсогчдодоо эерэг манлайлал үзүүлэх, нэгнээ үлгэрлэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор номын аян, хамтран суралцах, сурч мэдсэнээ бие биедээ түгээх “сонсогч багш” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Их сургуулийн орчин зөвхөн хичээл, сургалтад төвлөрөх бус, нэгнээ хүндэлдэг, хүний эрхийн мөн чанар, агуулгыг таньж мэдэн ухамсарладаг орчин байх ёстой гэж боддог.
-Та ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хууль сахиулах тодорхой ажиллагааг суралцагчдад заахдаа “яаж хийх вэ” гэдгээс илүү “яагаад энэ ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай вэ, яагаад хууль тогтоомжоор бидэнд ийм бүрэн эрх олгосон бэ” гэдгийг ойлгуулахыг эрмэлздэг.
Их сургуулийн хичээл суралцагчдад мэдлэг олгохын сацуу тэднийг хүн байх, энэрэнгүй, хүнлэг, соёлтой иргэн болон төлөвшихөд чиглэсэн байх ёстой. Хууль сахиулахуйн дээд боловсролыг зөвхөн мэдлэгээр бус, хандлага, мэдрэмжээр хэмждэг байх хэрэгтэй гэж боддог.
Энэ үзэл санаатайгаа уялдуулан өөрөө ч байнга хөгжихийг хичээдэг. Хууль, эрх зүйн чиглэлээр дээд боловсролын үйл ажиллагаа эрхэлж буй их, дээд сургуулиудын арга зүй, туршлагыг сонирхож, нээлттэй лекц, хэлэлцүүлэгт оролцдог. Өнгөрсөн хичээлийн жилд МУИС, Шихихутуг их сургууль зэрэг сургуулийн дөрвөн нээлттэй лекц, хэлэлцүүлэгт оролцсон.
Багш хүн шинэ зүйлсийг хүлээн авах, өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Нийгмийн харилцаа байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас суралцагчдаа хөгжүүлэхийн тулд өөрөө уян хатан байх шаардлагатай. Би өөрийн сэтгэхүй, хандлагыг хайрцаглахгүй байхыг хичээдэг. Үргэлж “яагаад?” гэдэг асуултад хариулт олохыг эрмэлздэг.
-Мэргэжлээ сонгосон түүхээ хуваалцана уу. “Би зөв мэргэжлээ сонгожээ” гэж хамгийн хүчтэй мэдэрсэн нэг мөчөө дурсаж болох уу?
-Бид өөрчлөлтийг хүлээн авч, өөрийгөө дайчилж, хичээх ёстой байх аа. Бидний дотор мэдрэгдэж буй зүйл л бидний зүг чигийг тодорхойлдог болов уу.
Миний хувьд 2012 онд Дотоод хэргийн их сургуулийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-Эрх зүй” мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хорих анги буюу тухайн үедээ “Онцгой” дэглэмтэй хорих ангид ээлжийн даргаар томилогдон, ажлын гараагаа эхэлж байлаа. Дөнгөж сургууль төгссөн залуухан офицер олон зүйлтэй нүүр тулж байсан ч хууль сахиулагч байхын тулд хичээн ажилласан.
Түүнээс хойш хоёр ч хорих ангид томилогдон ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сард багшаар томилогдон, анхны хичээлээ зааж байсан. Өнөөдөр их сургуульдаа найм дахь жилдээ багшилж байна.
Ингээд харахад их сургуулийн багш байх, суралцагчдадаа юу хэлж, захих вэ гэдэгт маш их утга учир, ухаан байдаг юм байна. Бидний төгсөгчдийн ажил, мэргэжил, тэдний ажиллах ажлын талбар бүгд эцсийн дүндээ хүний төлөө, хүмүүсийн сайн сайхны төлөө чиглэсэн ажил.
Бид хүнийг сайн, муу гэсэн өнцгөөр харж хэрхэвч болохгүй. Иймд хүний төлөө гэсэн агуу сэтгэлтэй, мөн чанартаа хүмүүсийг ойлгож, хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг тийм л залуусыг бэлтгэх ёстой юм байна гэж бодон хичээж байна.
Иймдээ ч сүүлийн жилүүдэд хүний эрхийн чиглэлээр түлхүү судалж, олон үйл ажиллагаа зохион байгуулж, төсөлд оролцож, өөрийнхөө хэмжээнд хүний эрхийн мэдрэмж, хандлагыг их сургуульдаа түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж байна.
Суралцагчдадаа үргэлж захидаг нэг зүйл бий. “Та ганцаараа байсан ч хүний эрх хамгаалагч шүү” гэж хэлдэг. Тогтолцоо, үйл ажиллагаанд алдаа, гажуудал гарч мэдэх ч хууль сахиулагч бол машин биш, хүн шүү дээ. Тиймээс үйл хэрэгтээ үнэнч, тууштай байгаарай гэж хэлдэг. Өнөөдөр та ганцаараа байж болох ч маргааш хоёулаа болно.
Бидний мэдлэг, ойлголт, хандлага үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Бид мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, шинэ зүйлсийг хүлээн авч, таньж мэдэх тусам хөгжил, сайжрах үйл явц үргэлжилнэ.
-Сайн багш гэдэг ойлголтыг та юу гэж тодорхойлох вэ?
-Миний бодлоор сайн багш бол хамгийн түрүүнд чин сэтгэлээсээ багш байх ёстой. Хүнд зааж, сургаж, мэдэж, чаддаг бүхнээ өгөхөд чин хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй.
Бид их сургуулийн багшийн хувьд суралцагчдад дан ганц мэдлэг өгдөггүй. Тэдэнд итгэл үнэмшил, үнэт зүйлсийг хамт өгдөг гэдгээ байнга санах хэрэгтэй.
Багш болгон өөр өөрийн онцлог арга барил, ур чадвартай ч ганц л зүйлээрээ холбогдоно. Тэр бол хичээлийн танхимд, суралцагчдын өмнө бид бүгд тэдний хувьд оюун санааных нь түүчээлэгч байх ёстой гэсэн ойлголт. Тэднийг чиглүүлэх галт бамбар болох ёстой.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Дотоод хэргийн их сургууль гэх их айлын багш гэдэг энэхүү хүндтэй, хариуцлагатай албанд хүчин зүтгэж байгаадаа маш их баяртай байна. Хамтрагчдаа болон хамт олондоо маш их баярлалаа. Цаашид хууль сахиулах салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилдаа улам шамдан ажиллах болно.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав