ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.ДОЛГОРЖАВ: БАГШИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ ШАВИЙН АМЖИЛТААР ИЛЭРДЭГ

Огноо: 2026-10-13
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.ДОЛГОРЖАВ: БАГШИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ ШАВИЙН АМЖИЛТААР ИЛЭРДЭГ
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.ДОЛГОРЖАВ: БАГШИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ ШАВИЙН АМЖИЛТААР ИЛЭРДЭГ

Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Тэргүүний зөвлөх багш”-аар шалгарсан Гадаад хэлний институтын ахлах багш, цагдаагийн хошууч Д.Долгоржавтай ярилцлаа.

-“Тэргүүний зөвлөх багш”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаасаа онцлон танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Өнгөрсөн хичээлийн жил миний хувьд эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэсэн, судалгаа, сургалтын чиглэлээр ахиц гаргасан жил байлаа.
Судалгааны ажлын хүрээнд боловсруулж байсан англи хэлний сурах бичиг, ярианы гарын авлагаа дуусгасан. Мөн олон удаагийн оролдлого, засвар сайжруулалтын үр дүнд эрдэм шинжилгээний өгүүллээ зэрэглэл өндөртэй сэтгүүлд хэвлүүлж чадсан нь миний хувьд онцлох амжилт байлаа.
Энэ бүхний ард хамтран ажилладаг багш нар, судалгааны хамтрагчдын маань дэмжлэг, хамтын хөдөлмөр бий.
-Та Дотоод хэргийн их сургуультай ажил, амьдралаа хэрхэн холбож байв?
-Хүүхэд байхдаа костюм, зангиа өмсөж ажиллах юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл сэтгэлийн гүнд минь хадгалагдсаар байсан шиг байгаа юм.
Нэг өдөр найз маань “Манайх багш авна, чи шалгуулаач” гэж дуудсан. Тэгээд л энэ сургуульд орсон доо.
Одоо би ажилдаа яарч, өндөр өсгийтөө тог тог дуугаргаад, хүзүүн дэх алчуураа хийсгэн, их сургуулийнхаа хашаан доторх салхийг мэдрэн алхахдаа аз жаргалтай байдаг.
Ажилдаа дуртай байна, хийж байгаа зүйлээсээ аз жаргал мэдэрнэ гэдэг сайхан шүү дээ.
-Багшийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Нэг цагийн хичээлийн ард нэлээд хугацааны бэлтгэл ордог байх?
-Багшийн ажил хичээл ороод л дуусчихдаггүй. Нэгж хичээлийн бэлтгэл, судалгаа, ажлын тайлан, төлөвлөгөө, өрөө тасалгааны цэвэрлэгээ гээд хийх зүйл мундахгүй. Энэ бүхний дундуур хамт олонтойгоо аяга кофе ууж, ажил амьдралаа ярилцах мөч ч бий.
Хичээлийн агуулгаас хамаараад баахан хэрэглэгдэхүүн хэвлэнэ, хайчилна, наана. Зарим хичээлд Edpuzzle, Mentimeter, Padlet, Kahoot зэрэг платформ ашиглаж, даалгавраа бэлтгэнэ.
Сүүлийн үед хиймэл оюун ухаан, төрөл бүрийн аппликейшн багшийн өдөр тутмын бэлтгэл ажлыг ихээхэн хөнгөвчилж байна.
Манай хүүхдүүд гурав, дөрөвдүгээр цагийн хичээл дээр нэлээд ядарсан байдаг. Тэр үед нь “За, одоо бич, унш, ярь” гээд байвал бүтээмж муу. Харин хичээлийн агуулгаа алдагдуулахгүйгээр тоглоомын арга, аппликейшн ашигласан даалгавар өгөхөөр хүүхдүүд сэргээд л ирдэг.
Багш хүн суралцагчдынхаа тухайн үеийн байдал, сэтгэл зүйг мэдэрч, арга барилаа тохируулах хэрэгтэй.
-Таны заах арга зүйн онцлог юу вэ. Цагдаа, хил хамгаалах, онцгой байдлын чиглэлийн сонсогчдын суралцах арга барилд ялгаа ажиглагддаг уу?
-Англи хэлний хичээлийг интерактив аргаар, аль болох сонирхолтой заахыг хичээдэг. Манай цагдаа, хил, онцгой байдлын чиглэлийн сонсогчид өөр өөр темпераменттай. Заримдаа бүр ялгаад оруулчихсан юм шиг санагддаг шүү.
Жишээлбэл, “Sentence soup” гэдэг өгүүлбэр бүтээх даалгаварт хүүхдүүд их дуртай.
Цагдаагийн чиглэлийн сонсогчид англи хэлний мэдлэгээрээ өгүүлбэрээ бүтээж чадахгүй бол өөр арга хайж эхэлнэ. Хэрэглэгдэхүүний хайчилсан хэлбэр, цаасны ар талын бичиг гээд ашиглаж болох бүх сэжүүрийг ажиглаж, даалгавраа биелүүлэхийг оролддог.
Үүнийг харахаар цагдаагийн алба хаагчид байх ёстой ажигч гярхай, нөхцөл байдлаас гарц олох чадвар нь илэрч байгаа юм шиг санагддаг.
Харин хилийн чиглэлийн сонсогчид багшийн өгсөн зааврыг ягштал биелүүлэх хандлагатай. Үүнийг нь хилчний сахилга бат, үүрэгтээ үнэнч, шударга байх зан чанартай холбоотой болов уу гэж боддог.
Мэдээж хүүхэд бүр өөр. Тиймээс багш хүн суралцагчдынхаа онцлогийг анзаарч, тохирсон арга барилаар ажиллах нь чухал.
-Их сургуулийн багш судлаач байх ёстой гэдэг. Та эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хэр цаг зарцуулдаг вэ?
-Галсан багш маань “Их сургуулийн багш бол судлаач байх ёстой” гэж сургасан нь тархины нэг мухарт холбоос болон үлдсэн шиг байгаа юм.
Анх судалгааны ажил хийхдээ “Нэг иймэрхүү юм байдаг болов уу” гээд л оролдож эхэлсэн. Олон багш, хамтрагчдынхаа хүчээр бага багаар дөртэй болж, сүүлдээ судалгаа хийх хорхойтой болсон доо.
Одоо эргээд харахад 10 орчим ном, сурах бичиг, 40 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлтэй болжээ. Судалгаа хийх тусам мэдэхгүй зүйл их байгааг ойлгодог юм билээ.
-Та суралцагчдаа эрдэм шинжилгээний ажилд хэрхэн чиглүүлж, зөвлөн тусалдаг вэ?
-Суралцагчид маань сургуулиа төгсөөд явсныхаа дараа “Манай багш тэгдэг байж билээ”, “Багшаасаа ийм зүйл сурсан шүү” гээд ярих зүйлтэй, сайхан дурсамжтай байгаасай гэж хичээдэг.
Жил бүр эрдэм шинжилгээний хуралд суралцагчдаа бэлтгэн оролцуулдаг. Хамгийн сайхан нь тухайн хичээл нь дууссан ч хүүхдүүд маань судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийх дуртай болсон байдаг. Багш хүн суралцагчдадаа мэдлэг өгөхөөс гадна өөрөө эрэлхийлж, судалж, суралцах хүсэл төрүүлж чадвал тэр нь том үр дүн гэж боддог.
-Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Бид зөвхөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл зохион байгуулаад зогсохгүй ёс зүйтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, өөрийн болон бусдын сайн сайхан байдалд анхаардаг, дэлхийн иргэний чадамжтай офицер бэлтгэх үүрэг хүлээсэн багш нар. Тиймээс хичээл заахын зэрэгцээ суралцагчдынхаа зөөлөн ур чадвар, ялангуяа харилцааны чадварыг өдөр тутамдаа хөгжүүлэхийг хичээдэг.
Би гурван зарчим баримталдаг. Нэгдүгээрт, сонсогч бүрийг хүндэлнэ. Хоёрдугаарт, ёс зүйтэй, шударга байна. Гуравдугаарт, хэзээ ч суралцахаа зогсоохгүй буюу насан туршдаа суралцана.
-Багш хүн цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай   байх. Та мэргэжил, заах арга зүйгээ хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Англи хэлний багшийн нэг давуу тал нь дэлхий даяар багш нарт зориулсан маш олон сургалт зохион байгуулагддаг. Хүсвэл хаанаас ч цахимаар суралцах боломжтой.
Миний хувьд жилд гурав, дөрвөн удаа Oxford-ийн сургалтад хамрагдаж, шинэ мэдлэг, арга зүйд суралцахыг хичээдэг.
Сургалтын арга зүй ч байнга өөрчлөгдөж байна. Нэг хэсэг хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын аргыг өргөн ашиглахыг зөвлөдөг байсан бол сүүлийн үед уламжлалт сургалтын үр дүнтэй аргуудыг эргэн харах шаардлагатай гэсэн судалгаанууд танилцуулагдаж байна. Тэгэхээр бид конструктивист сургалтын онолын зарчмаа ч орхигдуулж болохгүй юм байна гэж ойлгодог.
Шинэ технологи ашиглах нь чухал ч суралцагч өөрөө идэвхтэй оролцож, мэдлэгээ бүтээх боломжийг бүрдүүлэх нь хамгийн гол зүйл.
-Суралцагчидтайгаа өнгөрүүлсэн сэтгэлд тод үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Заримдаа бид сонсогчдын хөшөөний хажууд, гадаа хичээлээ хийдэг. Хавар нэг удаа хүүхдүүдээ цай, ууттай боорцгоор дайлж, цээжилсэн үгсийг нь асууж, хичээлээ хийсэн юм. Тэгтэл нэг суралцагч “Багш аа, өдрийн хоолондоо орж амжаагүй байсан юм, баярлалаа” гэж хэлсэн. Тэр үг их сайхан санагдсан. Хүүхдүүд багшийнхаа сэтгэлийг мэдэрч, жижигхэн зүйлийг ч анзаарч байдаг юм билээ.
Ер нь багш, шавийн харилцаа зөвхөн хичээл заах, дүн тавихаар хязгаарлагддаггүй. Хамтдаа өнгөрүүлсэн ийм энгийн мөчүүд ч сайхан дурсамж болж үлддэг.
-Багшийн ажлын хамгийн сайхан зүйл юу вэ. Таныг мэргэжлээрээ бахархахад хүргэдэг мөчүүдийн талаар яривал?
-“Сайн байна уу, багш аа?”, “Амрыг эрье!” гээд сонсогчид ёслоод өнгөрөхөд, рапорт өгөхөд сэтгэл өөрийн эрхгүй огшдог. “Би чинь сонсогчтой багш шүү дээ” гээд л бахархдаг.
Хамгийн их бахархдаг зүйл гэвэл Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа мандах үед сонсогчид жагсаалын алхаагаар жигдрэн алхах тэр мөч.
Монголын олон аав, ээжийн охид, хөвгүүдээс цөөхөн нь энэ замыг сонгож, эх орондоо зүтгэхээр суралцаж байгаа. Тэдний нэг нь болж, тэдний дунд ажиллаж яваагаараа бахархдаг даа.
Бас хөдөө орон нутагт явж байхад “Амрыг эрье, багш аа! Сайн явж байна уу? Саатаад яваач” гэх шавь нартайгаа таарах үнэхээр сайхан. Тэд сургуулиа төгсөөд өөр өөр газар ажиллаж байгаа ч багш, шавийн холбоо тасардаггүй юм байна гэдгийг мэдэрдэг.
-Таны заасан хичээл ажил дээр нь бодитоор хэрэг болсон тухай төгссөн шавь тань ярьж байсан мартагдашгүй тохиолдол бий юу?
-Байлгүй яах вэ. Нэг суралцагч маань дадлагаасаа ирээд “Багш аа, таны заасан тэр үг яг хэрэг болсон” гэж ярьсан.
Хил дээр гадаадын зорчигч ирсэн, тухайн үед гадаад хэлээр харилцах хүн байгаагүй юм байна. Тэгээд хичээл дээр үзсэн “Паспортоо шалгуулна уу”, “Таны Монгол Улсад ирсэн зорилго юу вэ?”, “Зочид буудлын захиалга байгаа юу?” гэх мэт үг, өгүүлбэрээ ашиглан зорчигчтой харилцсан гэсэн.
“Багш аа, яг хичээл дээр заасан зүйлүүдээ асуусан чинь гоё байсан шүү” гэж хэлж билээ. Багш хүнд үүнээс илүү урам гэж юу байх вэ дээ. Хичээл дээр заасан зүйл маань ажил дээр нь бодитоор хэрэг болжээ гэдгийг сонсох үнэхээр сайхан.
-Та “Сайн багш” гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ?
-Багш хүний хөдөлмөр барилга барих шиг нүдэн дээр бүтээгддэггүй. Үр дүн нь он удаан жилийн дараа илэрдэг. Өнөөдөр заасан хичээл, хэлсэн үг, өгсөн зөвлөгөөний үнэ цэнийг шавь нар маань олон жилийн дараа ажил, амьдрал дээрээ мэдэрч болно.
Миний хувьд өөрөө ч олон сайхан багш нараас суралцсан. Анх ажилд ороод офицерын дамжаанд суралцаж байхдаа Ахлагчийн сургуулийн багш нарт ёстой л “шүүсээ шахуулж” байлаа. Тэр үедээ маш их ядарч, бүр жин хасаж байлаа. Харин ард нь гарсны дараа багш нартаа маш их баярлаж, бахархсан. Тухайн үед хэцүү санагдаж байсан шаардлага, сахилга бат маань эргээд харахад надад их хэрэг болсон. Энэ завшааныг ашиглаад багш нараа төлөөлүүлэн хошууч Батсүрэн багшдаа, ар талын алба хаагчдын төлөөлөл болгож жолооч, цагдаагийн ахлах ахлагч Отгоо ахдаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.
-Оюутан, сонсогч байхдаа ямар мэдлэг, чадвараа илүү хөгжүүлэх ёстой байсан санагддаг вэ?
-Зүгээр л багшийн хий гэсэн болгоныг хийгээд, ахиад хэдэн шөнө суучихгүй дээ гэж боддог.
Суралцаж байх үед багшийн шаардлага, өгсөн даалгавар хүнд санагддаг. Харин ажил, амьдрал дээр гарахаар тэр бүхний цаана ямар зорилго байсныг ойлгодог юм билээ. Тиймээс суралцагчдадаа хандаж хэлэхэд, сурч хөгжих боломжоо сайн ашиглаарай. Өнөөдөр сурсан зүйл тань хэзээ нэгэн цагт заавал хэрэг болно, хичээгээрэй.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook