ЭРДМАН АЛЕКСАНДР ПОВЕЛЛ: ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНООСОО ИХ ЗҮЙЛ СУРСАН

Огноо: 2026-10-12
ЭРДМАН АЛЕКСАНДР ПОВЕЛЛ: ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНООСОО ИХ ЗҮЙЛ СУРСАН
ЭРДМАН АЛЕКСАНДР ПОВЕЛЛ: ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНООСОО ИХ ЗҮЙЛ СУРСАН

“Эрдмийн далай” сонины “Зочин багш” буланд 2025-2026 оны хичээлийн жилд манай Их сургуульд томилогдон ажилласан  Америк улсын  иргэн Эрдман Александр Повеллтой цахимаар товч ярилцсанаа хүргэе. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчидтай Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилласан сэтгэгдлээ хуваалцана уу? 
-Энэ өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Би энд ирэхээсээ өмнө АНУ-ын Жоржиа мужид багшилж байсан. Дотоод хэргийн их сургуульд Фулбрайт хөтөлбөрийн англи хэлний туслах багшаар томилогдон  багш, албан хаагчид, сонсогч, суралцагчдад англи хэлний хичээл заасандаа баяртай байдаг. Оюутан хүнд судалгаа хийж, багш нараасаа зөвлөгөө авч хамтран ажиллаж, илтгэл хэлэлцүүлэх нь маш чухал. Ийм учраас шавь нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь анхаарч, зөвлөн тусалж ажилласан маань надад ч туршлага болсон юм. Хүүхдүүд үндсэн хичээл сургалтаас гадна дуу дуулж, бүжиг бүжиглэх, хөгжим тоглох гээд олон төрлийн авьяастай нь бахархмаар санагдсан. Их сургуулийн хэмжээнд урлаг, спорт, эрдэм шинжилгээний чиглэлийн олон ажлууд зохион байгуулдаг нь  сонсогч, суралцагчдыг хөгжүүлэхэд их эерэг үр дүнтэй болохыг олж мэдсэн дээ. 
-Та Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа тухай ярьж байсан. Монгол хэл, соёл, уламжлалаас хэр зэрэг мэдэх вэ? 
-Монгол Улсад Энхтайваны корпусын сайн дурын ажилтнаар томилогдон Ерөнхий боловсролын 31-р сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан.  Энэ хичээлийн жилд Шихихутуг их сургуульд ажиллаж байна. 
Миний хувьд Монголын уламжлалт цагаан сар, Үндэсний их баяр наадам үнэхээр өргөн дэлгэр болдог том баяр. Энэ том баяруудаар монгол айлд зочилж, хэл соёл, ёс заншлаас суралцах боломж бүрддэг. Монгол айлд зочлох дуртай. Гадаад хэлний институтээс англи хэл дээр олон улсын хурал зохион байгуулж, бусад  багш нартай хамтран судалгаа хийж илтгэл хэлэлцүүлж, хурлын зохион байгуулалтад оролцож байхдаа монгол хэлний мэдлэгээ дээшлүүлдэг. Гэхдээ тийм ч сайн биш./инээв/
-Танд Дотоод хэргийн их сургуульд ажиллаад хамгийн мартахын аргагүй дурсамж үлдээсэн зүйл нь юу вэ? 
-Дотоод хэргийн их сургуульд ажиллах хугацаанд өдөр бүрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн. Надад Их сургуулийн  түүхэн музей үзэх хамгийн сонирхолтой байсан. Их сургуулийн музейд 1930-аад оны үеийн анхны цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, гар бичмэл, бусад эдэлж байсан хэрэгсэл үнэхээр сонирхол татаж  мартахын аргагүй дурсамж үлдсэн. Мөн өмнө нь ямар ч  их сургуульд харж байгаагүй цэргийн жагсаал, дүрэм журмыг хараад маш их бахарсан даа. Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн хамт олноосоо их зүйл сурсан. Та нартаа 2026-2027 оны хичээлийн шинэ жилээ эхэлж байгаад халуун баяр хүргэе. 
Англи хэлнээс орчуулсан: Гадаад хэлний институтийн дэд профессор, цагдаагийн хошууч С.Алимаа 
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook