Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/62 дугаар тушаалаар батлагдсан “Дотоод хэргийн их сургуулийн дүрэм”, Их сургуулийн захирлын мөн оны “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 дугаар тушаалаар Сургалтын газрын харьяанд “E-сургалтын институт”-ийг шинээр байгуулсан.
E-сургалтын институт нь бүтэц, орон тооны тухайд захирал, системийн шинжээч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, дөрвөн багш гэсэн нийт 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус институт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2026-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, Их сургуулийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилтыг хангах хүрээнд Их сургуулийн дүрэмд заагдсан дараах үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, холбоо, мэдээллийн технологи, цахим хэрэглээ, албаны программ хангамж, кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг олгох чиглэлээр хичээл сургалтыг зохион байгуулах;
Хоёр. Хиймэл оюунд суурилсан Их сургуулийн нээлттэй өгөгдлийн платформыг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах,
Гурав. Цахим хичээл, сургалтын видео хэрэглэгдэхүүн бэлтгэх ажлыг зохион байгуулж, цахим, зайн сургалтын материалыг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хийж хэрэгжүүлж буй зарим онцлог ажил, арга хэмжээний талаар:
Е-сургалтын институт нь захиалагч агентлаг, байгууллагын хэрэгцээ шаардлага, Их сургуулийн сонсогч, суралцагчдыг зайнаас суралцах боломжийг бүрдүүлэн цахим, танхим хосолсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн өгөгдөл, мэдээлэлд суурилсан удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих, нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Сургалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан Их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 9,549 элсэхийг хүссэн иргэдийн элсэлтийн процессыг ил тод, хариуцлагатайгаар мэдээлж, удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай бодит цагийн мэдээллийг хяналтын самбараар дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн танхимын сургалтын ирцийг гар утасны аппликейшнээр цахимаар бүртгэх, хянах, тайлан гаргах, явцын болон улирал, төгсөлтийн шалгалтыг хиймэл оюунд суурилан цахимаар зохион байгуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд уламжлалт цаасан журналаас цахим журналд шилжиж, сургалтын бүртгэл, хяналтыг автоматжуулах ажлыг мөн хэрэгжүүлээд байна.