Багшийн хөдөлмөрийг үнэлэх олон шалгуур бий. Тэдгээрээс шавь нарынх нь итгэл, хүндлэл, талархал хамгийн эрхэм үнэлгээний нэг билээ.
Багш нарын баярыг тохиолдуулан Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд “Багшдаа баярлалаа” санал асуулга зохион байгуулж, оюутан, суралцагчдын хамгийн их хүндэтгэн талархаж явдаг багшийг тодруулсан юм.
“Хамгийн хүндэтгэж, талархаж явдаг багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлнэ үү” гэсэн нээлттэй асуулгаар санал авсан энэхүү үйл ажиллагаанд нийт саналын 22.86 хувийг авч, хамгийн их талархал хүлээсэн багшаар тодорсон Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шин-жилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахмад Б.Сумъяабазарыг “Эрдмийн далай” сонин зочин хоймортоо урьж ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Шавь нарынхаа дунд хамгийн өндөр санал авч, “Шавийн талархлыг хүлээсэн багш”-аар шалгарсан мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-“Үнэхээр их баярлаж, бас их хариуцлага мэдэрсэн. Багш хүний хувьд шавь нарынхаа итгэл, хүндлэл, талархлыг хүлээнэ гэдэг хамгийн үнэ цэнтэй шагнал гэж боддог.
Энэ нь зөвхөн миний хөдөлмөрийг үнэлсэн шагнал биш, цаашид шавь нартаа илүү ихийг сургаж, зөв чиглүүлж, мэргэжлийн сайн боловсон хүчин болгон төлөвшүүлэхийн төлөө улам хичээх урам зориг өгсөн. Ялангуяа шавь нар маань намайг ингэж үнэлж, дэмжсэн нь багш мэргэжлээ сонгосондоо бахархах, хийж буй ажлынхаа үнэ цэнийг илүү мэдрэх сайхан мөч байлаа.
Мөн энэ амжилтыг зөвхөн өөрийнхөө гавьяа гэж харахгүй байна. Надтай хамт ажилладаг хамт олон, надад итгэл хүлээлгэдэг байгууллага, хамгийн гол нь суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэлтэй шавь нарын маань дэмжлэгийн үр дүн гэж бодож байна. Цаашдаа энэ итгэл, талархлыг нь хичээл зүтгэлээрээ хариулахыг зорьж ажиллана.
-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байсан бэ?
-Багш мэргэжлийг сонгох болсон гол шалтгаан нь өөрийн эзэмшсэн мэдлэг, туршлагаа бусдад хуваалцаж, залуу үеийнхнийг зөв чиглүүлэн хөгжүүлэх хүсэл байсан. Ялангуяа криминалистикийн чиглэлээр суралцаж буй оюутан, сонсогчдыг зөвхөн онолын мэдлэгтэй бус мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай шинжээч мэргэжилтэн болгон бэлтгэх нь багш хүний хамгийн чухал үүрэг гэж боддог.
Багшийн ажлын хамгийн сайхан зүйл нь шавь нарынхаа ахиц, амжилтыг харах явдал. Өнөөдөр багшийн заасан хичээлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн шавь маргааш өөрийн мэргэжлээрээ амжилттай ажиллаж, нийгэмд хэрэгтэй хүн болж байгааг харах нь багш хүнд хамгийн том урам, бахархал болдог.
Тиймээс багш мэргэжлийг би зөвхөн ажил мэргэжил гэж бус, мэдлэг, туршлагаа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагатай бөгөөд үнэ цэнтэй үйл гэж үздэг. Шавь нарынхаа амжилтаар дамжуулан өөрийн хөдөлмөрийн үр дүнг хардаг учраас энэ мэргэжилдээ дуртай, бахархдаг.
-Багшлах хугацаанд тань “Би энэ мэргэжлийг сонгосон нь зөв байжээ” гэж бодогдуулсан, сэтгэлд тань үлдсэн нэгэн дурсамжаас хуваалцаач?
-Шавь нар маань төгсөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж, өөрсдийн хийж буй ажлынхаа талаар надад ярьж, талархаж байсан үе. Ялангуяа хичээл дээр заасан мэдлэг, дадлагаар олж авсан ур чадвараа ажлынхаа бодит нөхцөлд ашиглаж, “Багш аа, таны заасан зүйл надад ажил дээр маш их хэрэг болсон” гэж хэлэхийг сонсох үнэхээр сайхан санагддаг. Тэр үед багш хүний хөдөлмөрийн үр дүн шууд харагддаггүй ч цаг хугацааны явцад шавь нарын амжилтаар илэрдэг гэдгийг илүү гүн ойлгосон.
Мөн зарим шавь нар маань өнөөдөр өөрсдөө мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, цаашлаад бусдад мэдлэг, туршлагаа түгээж байгааг харах нь миний хувьд хамгийн том бахархал. Багш хүн өөрийнхөө нэрийг бус, шавь нарынхаа амжилтаар үлдээдэг гэж боддог.
Тиймээс шавь нарын маань амжилт, талархал бүр надад “Би багш мэргэжлийг сонгосон нь үнэхээр зөв байжээ” гэсэн итгэл, урам зоригийг өгдөг.
-Шавь бүр өөр өөр зан чанар, сонирхол, хэрэгцээтэй байдаг. Та тэдний онцлогийг хэрхэн анзаарч, дэмждэг вэ?
-Бүх суралцагчидтай яг адилхан харилцахаас илүү тухайн шавийг ойлгож, онцлогт нь тохирсон арга барилаар дэмжихийг хичээдэг. Юуны өмнө хичээл дээр хэрхэн оролцож байгаа, ямар зүйлд илүү сонирхолтой байгаа, юунд хүндрэлтэй байгааг нь ажиглаж, ярилцаж ойлгохыг зорьдог. Зарим суралцагч онолын мэдлэгийг сайн эзэмшдэг бол зарим нь практик дадлага, бодит жишээн дээр илүү сайн суралцдаг. Тиймээс хичээл, дадлага, семинарын үеэр аль болох олон төрлийн арга хэлбэрийг ашиглахыг хичээдэг.
-Суралцагчдаа хичээлд идэвхтэй оролцуулахын тулд ямар арга барил түлхүү ашигладаг вэ?
-Багш ярьж, суралцагч сонсдог уламжлалт хэлбэрээс илүүтэй тэднийг өөрсдөө бодож, асуулт тавьж, шийдвэр гаргаж, хийж турших боломжийг бүрдүүлэхийг хичээдэг.
Ялангуяа криминалистикийн мэргэжлийн хичээл учраас онолын мэдлэгийг бодит нөхцөл байдал, кейс, практик дадлагатай холбохыг түлхүү ашигладаг. Тухайлбал, тодорхой нөхцөл байдлыг өгөөд “Та шинжээч байсан бол ямар дарааллаар ажиллах вэ?”, “Ямар ул мөрийг хэрхэн илрүүлж, бэхжүүлж, шинжлэх вэ?” гэх мэт асуудал дэвшүүлэн, суралцагчдаар өөрсдөөр нь шийдвэрлүүлэхийг зорьдог.
Мөн багаар ажиллуулах, харилцан ярилцуулах, асуулт-хариулт, дүрд тоглуулах, практик дадлага, бодит жишээ болон зураг, бичлэг дээр ажиллуулах зэрэг аргыг хослуулан хэрэглэдэг. Ингэснээр суралцагч зөвхөн мэдлэгийг цээжлэх бус, тухайн мэдлэгээ бодит нөхцөлд хэрхэн ашиглах талаар суралцдаг.
Хамгийн чухал нь би суралцагчийн гаргасан зөв, буруу хариултыг шууд дүгнэхээс илүүтэй “Яагаад ингэж үзэж байна вэ?”, “Өөр ямар хувилбар байж болох вэ?” гэж асууж, өөрийнхөө шийдвэрийг тайлбарлах боломж олгохыг хичээдэг. Энэ нь тэдний шүүмжлэлт сэтгэлгээ, мэргэжлийн шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж боддог.
-Багш хүн мэдлэгээс гадна ямар чанаруудыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
-Миний бодлоор багш хүн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хамгийн түрүүнд хүн чанар, ёс зүй, хариуцлагатай байдлыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Учир нь багш хүн шавьдаа зөвхөн хичээлийн мэдлэг заадаггүй, өөрийнхөө зан харилцаа, хандлага, үйлдлээрээ үлгэр дуурайл болдог.
Тэвчээртэй байх, шавь нараа сонсож ойлгох, шударга, зарчимч байх, хүн бүрт хүндэтгэлтэй хандах нь багш хүний чухал чанар гэж боддог. Мөн өөрийн мэдлэг, арга зүйгээ байнга хөгжүүлж, шинэ зүйл сурахаас хэзээ ч зогсохгүй байх хэрэгтэй.
Ялангуяа мэргэжлийн багш хүний хувьд үнэнч шударга байдал, мэргэжлийн ёс зүй, хариуцлага маш чухал. Шавь нар багшаасаа зөвхөн “яаж ажиллах”-ыг биш, “ямар хүн, ямар мэргэжилтэн байх”-ыг давхар суралцдаг.
Тиймээс миний хувьд сайн багшийн хамгийн чухал чанар бол мэдлэгтэй байхаас гадна зөв хүн байж, шавь нартаа итгэл төрүүлж, өөрөө үлгэрлэн харуулж чаддаг байх явдал юм. Багш хүн өөрөө хөгжиж байж шавь нараа хөгжүүлнэ гэж боддог.
-Шавь нартаа хандаж юу хэлмээр байна?
-Хайртай шавь нартаа хандаж хэлэхэд, та бүхэн өөртөө итгэлтэй байж, сонгосон мэргэжлээ чин сэтгэлээсээ хайрлаж, тасралтгүй суралцаж, хөгжиж яваарай. Амьдралд амжилт гаргах зам үргэлж дардан байдаггүй. Заримдаа алдаа гаргана, шантрах үе ч гарна. Гэхдээ тэр бүрийг өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж, дахин босож, урагш алхаж байгаарай. Ялангуяа бидний эзэмшиж буй мэргэжил хүний амьдрал, эрх ашиг, шударга ёстой шууд холбоотой учраас мэдлэг чадвараас гадна үнэнч шударга, хариуцлагатай, хүнлэг мэргэжилтэн байхыг үргэлж эрхэмлээрэй.
Багш нь та бүхэндээ үргэлж итгэж, амжилтыг тань дэмжиж явах болно. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил мэргэжлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав