ДОКТОР, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.МӨНХЗУЛ: ХОРИХ ЯЛЫН ҮР НӨЛӨӨГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР СУДЛАХЫГ ЗОРЬСОН

Огноо: 2026-10-12
ДОКТОР, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.МӨНХЗУЛ: ХОРИХ ЯЛЫН ҮР НӨЛӨӨГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР СУДЛАХЫГ ЗОРЬСОН
ДОКТОР, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.МӨНХЗУЛ: ХОРИХ ЯЛЫН ҮР НӨЛӨӨГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР СУДЛАХЫГ ЗОРЬСОН

“Шинэ доктор” буландаа Дотоод хэргийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Б.Мөнхзулыг урьж,  “Хорих ялын үр нөлөөг дээшлүүлэхэд криминологийн сонгодог зарим онолыг ашиглах үндсэн асуудал” сэдэвт диссертацын ажлынх нь талаар ярилцлаа.

-Доктор цолоо амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. Манай уншигчдад сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд багшилж байх хугацаандаа докторын зэрэг хамгаалж, үе үеийн эрдэмтэн багш нарынхаа залгамж холбоо, эрдмийн үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа сэтгэл өндөр байна.
Миний судалгааны ажлын удирдагчаар доктор /Ph.D/, дэд профессор Б.Энхболд, зөвлөх багийн гишүүнээр доктор /Ph.D/, профессор Б.Нармандах, доктор /Ph.D/, дэд профессор С.Гантулга нар ажилласан. Энэ завшааныг ашиглан эдгээр эрдэмтэн багш нар болон үргэлж дэмжиж ирсэн ДХИС-ийн хамт олондоо баярласнаа илэрхийлэхийн хамт Багш нарын баярын мэнд хүргэе.
-Энэ сэдвийг сонгон судлах хэрэгцээ, шаардлага нь юу байсан бэ?
-Би өөрийн заадаг хичээл болон судалгааны ажлын чиглэлтэйгээ уялдуулж докторын сэдвээ сонгохыг зорьсон. Ингээд эрүүгийн эрх зүй, криминологи, цаашлаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйтэй холбогдох хорих ялын бодлого, түүний үр нөлөө гэсэн асуудлыг сонгож судалсан.
Монгол Улсад хорих ялын бодлого 2002 оноос хойш нэлээд өөрчлөгдөж, ялангуяа 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар томоохон шинэчлэл хийгдсэн. Тухайлбал, хорих ялын хугацааг багасгах, ялын бодлогыг зөөлрүүлэх чиглэл баримталж, цаазаар авах ялыг халж, бүх насаар хорих ялыг хуульчилсан.
Гэхдээ үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд “ялын бодлого хэт зөөлөрснөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөө буурсан уу?” гэсэн асуудал яригдах болсон. Зарим тохиолдолд цаазаар авах ялыг сэргээх тухай санал, санаачилга ч гарч байсан.
Тиймээс би энэ асуудлыг зөвхөн “ял хатуу байх ёстой юу, зөөлөн байх ёстой юу?” гэдэг өнцгөөс биш, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, хорих ял гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үнэхээр хэр үр нөлөөтэй вэ, ямар нөхцөлд илүү үр дүнтэй байдаг вэ гэдэгт криминологийн тогтоон барих онолын үзэл баримтлалд тулгуурлан хариу өгөхийг зорьж энэ сэдвийг сонгосон.
-Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь юу вэ?
-Миний докторын судалгааны ажил хорих ялын үр нөлөө болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг авч үзсэн. Судалгаандаа криминологийн сонгодог онолын нэг болох “тогтоон барих онол” (Deterrence Theory)-ыг үндэслэл болгосон.
Энэ онолын гол санаа нь хүн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө тухайн үйлдлийнхээ үр дагаврыг тооцож, шийтгэлээс зайлсхийх замаар гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой гэсэн ойлголт юм.
Энд гурван чухал хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, ял зайлшгүй байх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн шийтгэл хүлээх нь тодорхой байх. Хоёрдугаарт, ял шуурхай байх буюу шийтгэл хэт удаашрахгүй байх. Гуравдугаарт, ял тохирсон байх буюу гэмт хэргийн шинж, нөхцөл байдалтай уялдсан зохистой шийтгэл оногдуулах явдал юм.
Бид эдгээр гурван хүчин зүйлийг хорих ялын үр нөлөөтэй холбон судалж, криминологийн судалгааны хүрээнд онолын болон практик талаас нь авч үзсэнээрээ судалгааны ажлынхаа шинэлэг талыг тодорхойлсон.
Мөн судалгааны ажлын арга зүйн хувьд онолыг зүгээр тайлбарлах бус, тухайн онолыг судалгаагаар шалгаж, үр дүнг нь гаргах загварыг ашигласан. Энэ нь манай улсад түгээмэл хэрэглэгддэг уламжлалт бүтцээс ялгаатай бөгөөд судалгааны ажлын бас нэг онцлог болсон гэж болно.
-Таны судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол нь юу вэ?
-Тогтоон барих онолын үндсэн ойлголтуудыг Монгол Улсын криминологи, эрүүгийн эрх зүй болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн шинжлэх ухааны эргэлтэд оруулах, аливаа судалгааг онолын үзэл баримтлалд тулгуурлан судлах арга зүйг хөгжүүлэхэд онолын ач холбогдолтой байсан.
Арга зүйн хувьд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан дүн шинжилгээ хийж, үр дүнг үндэсний болон олон улсын хэмжээнд хийсэн бусад судалгааны дүгнэлтүүдтэй харьцуулах замаар дэвшүүлсэн таамаглалд хариулт нь хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүйг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Харин судалгааны үр дүнг хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх, хорих ялын бодлогын талаар хууль тогтоомж боловсруулахад харгалзан үзэх боломж бүрдүүлснээрээ практик ач холбогдолтой гэж бид үзсэн.
-Судалгааны ажлынхаа хүрэх үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?
-Судалгааны ажлынхаа үр дүнг би зөвхөн онолын түвшинд бус, практикт хэрэгжиж байж бодит үр дүнгээ өгнө гэж харж байгаа.
Тухайлбал, судалгааны үр дүн, түүнээс гарсан санал, зөвлөмжүүд нь эрүүгийн эрх зүй, криминологи, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, цаашлаад ялын бодлогыг тодорхойлох, ял оногдуулах, эдлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тусгалаа олж, хэрэгжиж эхэлбэл судалгааны ажлын үр нөлөө бодитоор харагдана гэж үзэж байна.
Гэхдээ докторын судалгаагаар бүх зүйл дуусахгүй. Харин ч шинэ асуултууд гарч ирдэг. Тиймээс цаашид энэ судалгаагаа улам гүнзгийрүүлж, өөр онолын үүднээс дахин шалгаж, үр дүнг нь баталгаажуулах шаардлагатай гэж бодож байна.
-Докторантуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Докторантуудад өгөх хамгийн гол зөвлөгөө бол тууштай байгаарай гэж хэлмээр байна. Миний удирдагч багш надад “Уншихгүй бол гаргалгаа олдохгүй. Маш олон удаа унш” гэж байнга зөвлөдөг байсан. Энэ бол надад их хэрэг болсон, маш зөв зөвлөгөө гэж боддог.
Тиймээс эхлээд сайн уншиж, судалж, дараа нь бичих хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд өөрийн сонирхож байгаа, судлах боломжтой сэдвээ зөв сонгож, батлуулах нь чухал. Сэдвээ батлуулсны дараа хамгийн гол нь тасралтгүй ажиллах хэрэгтэй.
Докторын судалгааны явцад шантрах, болохгүй юм байна гэж бодох үе хүн бүрд гардаг байх. Тэр үед нь өөрийгөө буцаагаад зорилгодоо төвлөрүүлж, бага багаар ч гэсэн урагшилж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook