ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ А.МАРАЛ: ЗАЛУУ ХҮН БОЛОХООР ӨӨРИЙГӨӨ АЛЬ БОЛОХ БҮХ ТАЛААРАА ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

Огноо: 2026-10-12
ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ А.МАРАЛ: ЗАЛУУ ХҮН БОЛОХООР ӨӨРИЙГӨӨ АЛЬ БОЛОХ БҮХ ТАЛААРАА ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ А.МАРАЛ: ЗАЛУУ ХҮН БОЛОХООР ӨӨРИЙГӨӨ АЛЬ БОЛОХ БҮХ ТАЛААРАА ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

“Залуу  офицер ярьж байна” буландаа Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч А.Маралыг онцоллоо. Цагдаагийн дэслэгч О.Марал нь ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа В.Я.Кикотягийн нэрэмжит Москвагийн их сургуульд Албаны үйл ажиллагааны сэтгэл зүй мэргэжлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар суралцан төгсөн ажиллаж байна.

-Таны амрыг эрье. Таны мөрдэстэй албан хаагч болохоор шийдсэн дурсамжаар тань яриагаа эхлэе.  
-Миний аав, ээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан. Би  Сэлэнгэ аймгийн Мандал суманд сурагч байх үеэсээ аавдаа тухайн үеийн Хууль сахиулахын их сургуульд орно, аав ээж шигээ хүн болно гэж хэлдэг байлаа. Аавынхаа шийдвэрээр Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Анагаахын лицейд суралцахаар болж,  хими, биологийн хичээлээ гүнзгий судалсан.  Харин 12 дугаар сараас эхлэн ангийн найзтайгаа IELTS шалгалтад бэлддэг сургалтын оройн ангид давхар  суралцсан. Ээж минь  2018 оны 03 дугаар сард “Манай байгууллага дээр ОХУ руу сэтгэл зүйч мэргэжлээр суралцах тэтгэлэг зарлагдсан байна. Маргааш сүүлийн хугацаа болохоор өглөө эрт материалаа бүрдүүлээд өгөөд үзэх үү?   гэхэд багагүй айдастай өөртөө итгэлгүй байсан ч  шалгалтаа амжилттай өгч тэнцсэн дээ. Ийнхүү би ОХУ-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэд ахлагч цол зүүж суралцах болсон юм. Санаж явбал бүтнэ гэдэг үнэн үг шүү. Ээж аав минь үргэлж дэмжиж намайг хичээлээ л сайн хий гээд би ч итгэлийг нь алдаагүй. 
Миний хувьд дунд ангидаа орос хэл үзсэн ч чөлөөтэй ярьдаг түвшинд байгаагүй. Харин өрөөний охин маань казак, англи хэлнээс илүү орос хэлэндээ сайн байсан болохоор бид 2 эхний 2-3 сарын хугацаанд Google translate ашиглаж ойлголцдог байсан. Аз болоход өрөөний охин аливаа зүйлийг тайлбарлахдаа маш сайн, төвөгшөөдөггүй байсан болохоор миний орос хэл хурдан сайжирсан. Ингэж миний оюутны амьдрал эхэлснээр алдаатай оноотой 6 жилийн нүүрийг ардаа үдэж, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Москва хотын Улаан талбайд дэслэгч цол, дипломоо гардан аваад жагсаалын алхаагаар алхаж гэр бүлдээ өөрийгөө дахин нэг удаа баталж харуулсан мартагдашгүй мөч тохиосон юм.
-Дотоод хэргийн их сургуульд хэзээ томилогдсон бэ? 
-Сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их  сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуульд томилогдсон. Тухайн үед цагдаагийн хурандаа Г.Ганбаатар захирал надад  “ОХУ-д эзэмшээд ирсэн мэргэжлийг нь үнэлээд сургуульдаа багшаар ажиллуулах боллоо шүү гэж хэлсэн нь сэтгэлд хүрсэн. Ингээд цагдаагийн офицер дамжаанд суралцаад шинэхэн төгсөөд ирсэн надад манай хамт олон маань ингэж их итгэсэн учраас би одоог хүртэл өөрийн бүх нөөцөөрөө хичээж ажилладаг.  
-Таны бодлоор офицер хүний манлайлах ур чадвар гэж юуг хэлэх вэ?
-Офицер хүний манлайлал гэдэг нь зөвхөн албан тушаал, цол хэргэмээр бус, хувийн үлгэр дуурайл, зөв хандлага, хариуцлагатай үйлдэл, бусдыг чиглүүлэх чадвараар илэрдэг гэдгийг илүү сайн ойлгосон. Миний хувьд офицер хүн сонсогч, суралцагчдыг зөв чиглүүлж, үг үйлдлээрээ бусдад үлгэрлэн, байгууллагын зорилго, үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамт олны итгэл, хүндэтгэл, хамтын ажиллагааг бий болгож чаддаг байх нь жинхэнэ манлайллын үндэс юм.  Ялангуяа багш офицер хүний хувьд бидний хэлсэн үгнээс илүү хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэр, бусадтай харилцах хандлага сонсогч, суралцагчдад илүү хүчтэй нөлөөлдөг. Тиймээс “Бусдаас шаарддаг зүйлээ эхлээд өөрөө хэрэгжүүлэх” нь офицер хүний манлайллын хамгийн чухал зарчмын нэг гэж боддог доо.
-“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуульд ямар хичээл орж байгаа вэ? Хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаардаг вэ? 
 -“Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Цагдаагийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрүүдэд хамрагдсан. Энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын арга зүйч, цагдаагийн ахмад Г.Мөнхзаяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн ахлах багш, Ч.Дашням нарын хамт тус сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхимийн болон Цагдаагийн сургуулийн 3, 4 дүгээр курсийн сонсогчдод Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн ахлах багш, хошууч Э.Цэрэнханд болон хошууч Э.Өнөболд нарын заавар, зөвлөмжөөр нэг сарын хугацаатай Хүний эрхийн сургалт амжилттай зохион байгуулсан. 
“First Aid Community LLC” байгууллагаас зохион байгуулдаг Анхны тусламж үзүүлэгчийн сургалтад хамрагдсанаар хоёр жилийн хугацаанд Цагдаа, Дотоодын цэрэг болон Онцгой байдлын албаны тэнхимийн сонсогч суралцагчдад мэргэжлийнхээ дагуу харилцааны ур чадвар, сэтгэл зүйг бэлтгэх, хүний эрхийг хангах, амилуулах суурь тусламж үзүүлэх гэсэн гурван хичээлийг зааж байна. Үндсэн ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэхээр Их сургуулиас болон төрийн бус байгууллагуудын сургалт, семинарт хамрагдан сертификат авсан. 
Мэдээж эдгээр сургалтаас гадна багш хүн өөрөө судлаач байх ёстой учир гадаад хэлний мэдлэг дээр анхаарч, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн “Англи хэлний орчуулагч” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ ангид суралцаж, нэгдүгээр курсээ 2026 оны хавар амжилттай төгссөн.
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Залуу хүн болохоор өөрийгөө аль болох бүх талаараа хөгжүүлэхийг хичээдэг. Чөлөөт цагаараа гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс,  E-спортоор хичээллэх дуртай. 2025-2026 оны хичээлийн жилд Их сургуулийн нийт багш, алба хаагчдын дунд Шинжлэн магадлах ухааны сургуулиас зохион байгуулсан Буудлагын тэмцээнд 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай оролцож гутгаар  байр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн алба хаагч, ажилчдын хамтарсан “Гар бөмбөг”, “Дартс”-ийн нөхөрсөг тэмцээнд  баг хамт олноороо тэргүүн байр эзлээд их урам авсан. 
“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн нэрэмжит “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд багш, алба хаагчдыг төлөөлөн амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд дэд байр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай оролцож гутгаар байр, Дотоод хэргийн их сургуулийн “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн-2026”-д 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр амжилттай оролцож, гар бууны төрөлд алт, карабин төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн.
-Таны хувьд эрдэм шинжилгээ судалгааны ажил, илтгэлийн уралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ? 
-Энэ хичээлийн жилд “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Тактикийн тэнхим, Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхим, Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн хамтран  зохион байгуулсан “Тусгай чиг үүрэг бүхий алба хаагчдын тактик, тусгай бэлтгэл, бие бялдар, сэтгэл зүй, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Мэндбаярын хамт эмхэтгэж тус эмхэтгэлд “Цагдаагийн алба хаагчийн сэтгэл зүйн байдал, чиг хандлага” сэдэвт өөрийн илтгэлийг хавсралт илтгэлээр хэвлүүлсэн. 
Мөн Их сургуулийн захирлын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/161 дүгээр  тушаалаар баталсан “Хууль сахиулах үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал сургалт бэлтгэлийг боловсронгуй болгох арга зам” сэдэвт илтгэлийг эмхэтгэлд хавсралт илтгэл, Их сургуулийн захирлын 2026 оны 01 сарын 09-ний өдөр баталсан А/13 дугаар тушаалаар баталсан “Гадаад хэлний сургалтын хөгжил, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Innovative approaches to teaching english as a second language” сэдэвт илтгэлийг эмхэтгэлд хавсралт илтгэлээр тус тус хэвлүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Залуу офицеруудын чуулган”-д Их сургуулиа төлөөлөн оролцсон  залуу офицеруудын нэг болсондоо баяртай байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook