2006 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН 20 ЖИЛИЙН ОЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Огноо: 2026-10-16
2006 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН 20 ЖИЛИЙН ОЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
2006 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН 20 ЖИЛИЙН ОЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн 2006 оны төгсөгчдийн 20 жилийн ойн уулзалт өнөөдөр /2026.10.16/ төрөлх сургууль дээрээ боллоо.

Төгсөгчид жагсаалын талбайдаа жигдрэн жагсаж, сонсогч насаа дурсан ёслолын жагсаалаар алхсанаар 20 жилийн ойн уулзалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхлэв.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, ахмад багш нарын төлөөлөл болон 2006 оны төгсөгчид оролцлоо. Монгол Улсын ардын багш, Дотоод хэргийн их сургуулийн болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хүндэт профессор, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа шавь нартаа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн төгсөгчдийг төлөөлөн Монгол Улсын Гавьяат тамирчин, цагдаагийн хурандаа Баттүшиг, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа П.Очбадрах нар үг хэлж, сонсогч насаа дурсав.

Энэ үеэр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эрхэм нөхдөө дурсан хүндэтгэл үзүүлсэн юм.

Цагдаагийн академийн 2006 оны төгсөлтөөс шинжлэх ухааны доктор нэг, Монгол Улсын Гавьяат хуульч нэг, доктор тав төрөн гарчээ. Түүнчлэн Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хуульч, шүүгч, прокурор, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын шилдэг алба хаагч, удирдах ажилтнууд олноороо ажиллаж байна. Мөн олон улсын болон Монгол Улсын спортын мастерууд тус төгсөлтөөс олноороо төрсөн гарсан зэрэг бахархах түүх олонтой.

Эрхэм төгсөгчдөд тэдний санаачилгаар бүтсэн Д.Эрдэнэхишигийн үг, МУСТА Д.Жавхаасайханы аялгуу “Сонсогчийн жавхаа” дуугаар МУСТА, дэд хурандаа Базарсадын Болдбаатар мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү бүтээл нь үе үеийн сонсогчдын хайртай дууны нэг билээ.

Мөн энэ үеэр эрдмийн зэрэг хамгаалсан доктор төгсөгчдөд Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр “ДХИС-ийн хүндэт тэмдэг” гардууллаа.

Дотоод хэргийн их сургуулийн хамт олноос 2006 оны төгсөгчдөдөө 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.68)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook