Дотоод хэргийн их сургуулийн “Динамик” буудлагын клуб их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн Буудлагын аварга шалгаруулах анхны тэмцээнийг Их сургуулийн Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд зохион байгууллаа.
Буудлагын спорт нь эгнээндээ олон арван тамирчдыг багтаасан сонирхолтой, өрсөлдөөн ихтэй, тамирчны сэтгэл зүй, анхаарал төвлөрөл, өөрийгөө удирдах чадвар, хурд, авхаалж самбаа, тактик сэтгэлгээ зэргийг шаардсан спортын онцгой төрөл юм.
Энэхүү спортыг Дотоод хэргийн их сургуулийн албан хаагч, ажилтан, сонсогч, суралцагчдын дунд хөгжүүлэхээр “Динамик” буудлагын клубийг Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд санаачлан байгуулсан байна.
Тус клуб нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бэлэн байдлыг дэмжих, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын эх оронч үзлийг төлөвшүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах соёлыг суулгах, буудагчийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Эрхэм буудагчид та бүхний хараа хурц, цэц мэргэн, сум хурдтай байх болтугай.