Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулиас “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” мэдлэг сорих тэмцээнийг Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын II дугаар дамжааны оюутан, сонсогчдын дунд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Хууль зүйн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль, Цагдаагийн сургууль болон Шинжлэн магадлах ухааны сургуулийн 8 баг оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэргүүн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 521 дүгээр дамжааны “Бүгд найрамдах” баг, дэд байранд Хууль зүйн сургуулийн 221 дүгээр дамжааны “Арга билэг” баг; гутгаар байранд Цагдаагийн сургуулийн 722 дугаар дамжааны “Цагаан арслан” баг тус тус шалгарлаа.
“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн нь суралцагчдын Монгол Улсын Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг бататгах, хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, эрх зүйн сэтгэлгээ, тохиолдол шийдвэрлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ мэдлэгээ бүтээлчээр илэрхийлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой.
ҮНДСЭН ХУУЛИА МЭДДЭГ, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ЭРХ ЗҮЙН СОЁЛТОЙ ИРГЭН БОЛОХ НЬ БИДНИЙ ХАМТЫН ҮҮРЭГ ЮМ