Сургалт, судалгааны 403 дугаар анги–Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран өчигдөр /2026.10.28/ сонсогч, суралцагчдын онолын мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, практик туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран стратегийн лекц зохион байгууллаа.
Тус лекцийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминилогийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, (Ph.D) дэд профессор Ц.Очгэрэл “Пенитенциар гэмт явдлаас урьдчилан сэргийлэх ажил ба Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд уншсан ба “Аюулгүй байдал судлал”, “Иргэний шийдвэр гүйцэтгэлийн” бакалаврын хөтөлбөрийн сонсогч, суралцагчид хамрагдсан юм. Энэхүү лекцээр "Пенитенциар гэмт явдлын онцлог: Хорих байгууллагын аюулгүй байдал, нэр томъёоны талаар, пенитенциар гэмт явдлын ойлголт, судлах зүйл, онцлог, болон хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдэлж буй этгээдүүдийн дунд гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, нийгэм, сэтгэл зүйн хүчин зүйлс";
Гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга зүй: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, пенитенциар гэмт явдлаас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, гэмт хэрэгтэн бие хүн, хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ялтныг нийгэмшүүлэх ажлын арга хэлбэр, орчин үеийн чиг хандлага;
Эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт: Монгол Улсын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоо, тулгамдаж буй асуудал болон эрх зүйн шинэтгэлийн чиглэл, гэмт хэргийн тоон үзүүлэлт.
Лекцийн төгсгөлд сонсогч, суралцагчид сэдвийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, практикт тулгардаг асуудал болон холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар илтгэгч Ц.Очгэрэлтэй санал, бодлоо солилцлоо.
Энэхүү лекц нь сонсогч, суралцагчдын гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийг мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх талаарх онолын мэдлэгийг бататгах чухал ач холбогдолтой юм.