ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.БОЛДБААТАР: ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, МЭДЭЭЛЭЛ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭНД АХМАДЫН ХОРООГ ХОЛБОХ, АХМАДУУДЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Огноо: 2026-10-28
ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.БОЛДБААТАР:  ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, МЭДЭЭЛЭЛ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭНД АХМАДЫН ХОРООГ ХОЛБОХ, АХМАДУУДЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА
Дотоод хэргийн их сургуулийн Ахмадын хорооны дарга, цагдаагийн хурандаа С.Болдбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө таныг Их сургуулийн Ахмадын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэе. Ямар онцлог ажлаар ажлаа эхлүүлж байна вэ?

-Баярлалаа. Цагдаагийн хурандаа Б.Болд Ахмадын хорооны даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн хурлаас намайг даргад нэр дэвшүүлж, олонхийн саналаар сонгогдсон. Одоо гурван сар гаруй болж байна.

Манай Ахмадын хорооны дүрэмд зааснаар хорооны даргыг Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаас сонгох учиртай. Би энэхүү дүрэм, журмын хүрээнд сонгогдсон.

Миний хувьд 2025 онд Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн буюу хэсгийн даргаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэсээ Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Ахмадын хорооны дүрэм, Ахмадын санг зарцуулах журамд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажилласан. Ингэснээр дүрэм, журмаа шинэчлэн боловсруулж, батлуулсан бөгөөд одоо эдгээр дүрэм, журмын хүрээнд манай Ахмадын хорооны үйл ажиллагаа зохицуулагдан явж байна.

Энэ ажлаа үргэлжлүүлэн, Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн буюу хэсгийн дарга нарын тоог Төрийн бус байгууллагын тухай хууль болон Ахмадын хорооны дүрэмд нийцүүлэн сондгой тоотой болгохоос ажлаа эхлүүлж байна. Мөн дутуу байсан Удирдах зөвлөлийн гишүүн буюу хэсгийн дарга нарыг бүх гишүүдийн хурлаас сонгох, одоо ажиллаж байгаа Удирдах зөвлөлийн гишүүдийг баталгаажуулах, Ахмадын хорооны 2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах ажлыг зохион байгуулна.

Түүнчлэн Хүний нөөцийн албатай хамтран Их сургуулийн удирдлага, мэдээлэл, албан хэрэг хөтлөлтийн цахим сүлжээнд Ахмадын хороог холбох, ахмадуудын бүртгэл, мэдээллийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.

Цахимжуулснаар бүртгэл, судалгаа сайжирч, ахмадуудад үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээ, тусламж, дэмжлэг бодитой, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, шударга, эзнээ олсон, ил тод болно гэж харж байгаа.

-Манай Их сургуулийн Ахмадын хороо ямар бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай Их сургуулийн Ахмадын хороо Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө Удирдах зөвлөл буюу хэсгийн 22 даргатай ажиллаж байсан.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон өөрчлөлтийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөл нь 50 ба түүнээс дээш ахмад настантай бол тэднийг төлөөлсөн нэг хүнийг гэрээгээр ажиллуулж болно гэж заасан. Үүнтэй холбогдуулан Их сургуулийн бүтцэд багтдаг бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдийн тоогоор байсан хэсгүүдийг нэгтгэсэн. Одоо манай хороо Удирдах зөвлөлийн найман гишүүн буюу хэсгийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга, хоёр гишүүн, Ахмадын хорооны дарга, ажилтан гэсэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингэснээр цаашид бүрэлдэхүүн сургууль, институт бие даан төсөв зарцуулах эрхтэй болсон тохиолдолд хэсгийн даргыг гэрээгээр ажиллуулах, мөн Ахмадын санг зарцуулах журамд заасны дагуу улиралд нэг удаа урамшуулах боломж бүрдэх юм.

Хэсэг хариуцсан дарга нар нь Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнд тооцогддог.  Тухайлбал, нэгдүгээр хэсэг буюу Цагдаагийн сургууль, ШМУС-аас чөлөөнд гарсан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар цагдаагийн хурандаа И.Цэдэн-Иш, хоёрдугаар хэсэг буюу Хилийн албаны сургуулиас чөлөөнд гарсан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар хурандаа Ц.Энхбат, гуравдугаар хэсэг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Ахлагч мэргэжлийн боловсролын сургууль, Онцгой байдлын сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар цагдаагийн хурандаа С.Базаррагчаа, дөрөвдүгээр хэсэг буюу Биеийн тамир, албаны бэлтгэлийн "Соёмбо" төв, Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газраас чөлөөнд суусан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар цагдаагийн хурандаа Ч.Энхбаяр, тавдугаар хэсэг Захиргааны удирдлагын газар, Удирдлагын академи болон сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийн нэгжүүдээс чөлөөнд суусан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар цагдаагийн хурандаа Б.Алтанзул, зургадугаар хэсэг Хангалт, үйлчилгээний газраас чөлөөнд суусан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар цагдаагийн хурандаа А.Чимэдцэрэн, долдугаар хэсэг буюу мөн хангалт үйлчилгээний газар ажиллаж байсан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Н.Одгэрэл, наймдугаар хэсэг буюу Хууль зүйн сургууль, Гадаад хэлний институтэд ажиллаж байгаад чөлөөнд гарсан ахмадуудыг хариуцсан хэсгийн даргаар дэд хурандаа Ш.Энхжаргал, Хяналтын зөвлөлийн даргаар хурандаа Н.Галбадрах, гишүүдээр хошууч Ц.Батням, Б.Гармаа нар ажиллаж байна. Манай ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд хэсгийн дарга нарын ихэнх нь олон жил ахмадын хороондоо ажиллаж байсан дадлага туршлагатай хамт олондоо танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хурандаанууд байдаг. Шинээр залуучуудыг хэсгийн даргаар сонгон шалгаруулж оруулах зорилгоор 2 хэсэг дээр сонгон шалгаруулалт зарлаж 4 хүн нэр дэвшсэнийг бүх гишүүдийн хуралд танилцуулан санал хураалт явуулснаар цагдаагийн хурандаа Б.Алтанзул, дэд хурандаа Ш.Энхжаргал нар шалгарсан. Эдгээр шинэ гишүүд маань хамт олноо төлөөлөн тэдний итгэл найдварыг хүлээж сонгогдсон тул ахмадуудынхаа төлөө сэтгэл гарган сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Ахмадын нийгмийн асуудал байнга гол ажил байдаг. Энэ талаар Их сургуулийн удирдлагуудтай ямар байдлаар хамтран ажиллаж байна вэ

-Ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид ахмадын сандаа тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн байх шаардлагатай. Мөнгөгүй бол бид ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Иймээс энэ онд Ахмадын санд хөрөнгө мөнгө төвлөрүүлэх шаардлагатай байгааг Их сургуулийн захиралд танилцуулсан. Харамсалтай нь эдийн засаг хямралтай, шатах, тослох материалын үнэ өссөн, Засгийн газраас хэмнэлтийн хууль хэрэгжүүлж байгаа зэрэг хүндрэл бэрхшээлээс болоод ахмадын санд хөрөнгө төвлөрүүлэхэд их хүндрэлтэй байгаа. Хэдий тийм ч Их сургуулийн захирал, бригадын генерал Т.Сүхболд энэ жил тодорхой хэмжээний мөнгө ахмадын санд төвлөрүүлэхээр төсөвт тусган яаж ийгээд шилжүүлж Ахмадын санг мөнгөтэй болгохоор ажиллаж байгаагаа илэрхийлсэн тул биелэх байх гэж найдаж байна. Ахмад настны тухай хуульд тухайн байгууллага цалингийн сангийнхаа 3 хүртэл хувиар ахмадын сан байгуулан ахмадуудын нийгмийн асуудалд зарцуулж байхаар хуулийн зохицуулалттай боловч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд ахмадын санд мөнгө шилжүүлэхийг сүүлийн 2 жил хориглосоор ирсэн тул байгаа мөнгөө ахмадуудын нийгмийн асуудалд зарцуулаад дууссан.

Ирэх 2027 онд Хилийн албаны сургуулийн шинэ барилга ашиглалтад орохоор баригдаж байгаа. Их сургуулийн захиралтай яриад энэ барилгад Ахмадын өргөөг шинээр байгуулах санал тавьсан. Захирал дэмжсэн. Ахмадууд бид сайхан цэлгэр өргөөтэй болно гэж мөрөөдөж байгаа. Үүнийг ажил хэрэг болгоно. Энэ өргөөг ашиглалтад оруулснаар манай ахмадууд энэ өргөөндөө ирж өдрийг хамт олон, найз нөхдийнхөө дунд өнгөрөөх, эрүүлжүүлэх аппарат, тоног төхөөрөмжийг ашиглан эрүүл мэндээ дэмжих дасгал хөдөлгөөн хийх, боломж нөхцөл нь хангагдах юм. Одоо Сонсогчийн байранд ахмадын алжаал тайлах өрөө гээд ганцхан цонхтой жижиг өрөөнд тоног төхөөрөмж, техник хэрэгслээ байрлуулчихсан, 3-аас дээш хүн ирвэл багтахгүй зай талбай муутай хэцүүхэн байгаа.

-Ахмадууд маань Их сургуулийнхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ямар ажил арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

-Ахмадын хороо Их сургуулиасаа байнга гар тосоод дэмжлэг туслалцаа хүсээд байх нь зохисгүй. Хүний амьдрал баян болохоор ахмадууд бидэнд сайхан муухай янз бүрийн л асуудлууд байнга тулгарч байдаг. Их сургуулийн ахмадуудын тоо өнөөдрийн байдлаар 400 гарчихлаа. Цаашид энэ тоо улам нэмэгдэнэ. Нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн одоо ахмадуудын амьдралын чанар сайжирч, насжилт нэмэгдэж байна. Хамгийн өндөр настай ахмад гэхэд 100 насыг зооглоод байна. Тиймээс бид Ахмадын санг зарцуулах журамд заасан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн 13 зүйлд зааснаас гадна хорооныхоо хэмжээнд хандивын сантай  болж тулгарч байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах өөрийн гэсэн мөнгө хөрөнгө төвлөрүүлэхээр журам боловсруулан бүх гишүүдийн хурлаараа хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болгоод байна. Ирэх 2027 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ журам батлагдсанаар ахмадын санг зарцуулах журамд тусгагдаагүй ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх олон асуудлыг бид дотоод нөөц боломжоороо шийднэ. Ингэснээр Их сургуульд учрах санхүүгийн дарамтыг тодорхой хэмжээгээр хөнгөлж Их сургуулиас ахмадуудын нийгмийн асуудлыг шийдэхэд тус дэм болно гэж үзэж байна.

Ахмадын хорооны гишүүдээс Их сургуульд 10 гаруй ахмад настан гэрээгээр ажиллаж байгаа. Цаашид ч энэ тоо өсөх байх. Учир нь олон жилийн дадлага туршлагатай, эрдэмтэн багш нар манай ахмадын хороонд олон байна. Эдгээр ахмадуудын эрдэм мэдлэгийг ашиглах нь сургуульд оруулж байгаа оюуны их дэмжлэг гэж харж байна. Нөгөө талаар ажил эрхлэх хүсэлтэй ахмадуудаар хөдөлмөр эрхлүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлоготой нийцэж байгаа юм. Иймээс Их сургуулиас энэ талаар их дэмжиж хамтран ажиллаж байгаад талархаж байдаг.

Мөн сонсогч, суралцагчдыг эх орноороо бахархах, эх орноо хайрлах, хуулинд шударга, худал хуурмагтай үл эвлэрэгч болгох, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг уламжлал болгон баримталж жил бүр шинээр элсэгчдэд цэргийн сургуульд элссэн өөрөөрөө бахархах бахархлыг төрүүлэх, цэргийн эрдмээс үл няцах сэтгэлийг төлөвшүүлэхэд зориулан цэргийн анхан шатны мэдлэг  олгох сургалтын үеэр Гүнжийн хоолойд төрөл мэргэжлийн эрдэмтэн доктор, хурандаа нараар лекц уншуулах, яриа таниулга хийлгэх, “Бие хүн бэлэн төрдөггүй” эссэ бичлэгийн уралдааныг бүх сонсогч, суралцагчдын дунд зохион байгуулж урамшуулах зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Цаашид эдгээр ажлуудын нөлөөллийг улам сайжруулахад анхаарч Их сургуультай хамтран ажиллах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook