Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Вүүсок их сургуулийн Олон улсын харилцаа эрхэлсэн захирал, доктор (Ph.D) Хюн Силь Шин тэргүүтэй төлөөлөгчдийг 10 дугаар сарын 23-ны өдөр Их сургуулийн “Сүлдэт” танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, “2+2+1” хос дипломын хөтөлбөрт хамрагдах сонсогч, суралцагчдын тоог нэмэгдүүлэх, Вүүсок их сургуульд Дотоод хэргийн их сургуулийн зочин багш ажиллуулах, Удирдлагын академитай хамтран “1+1” хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.
Дотоод хэргийн их сургууль, Вүүсок их сургууль нь 2023 онд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд нийт 31 сонсогч, суралцагч кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцаж байна. Цаашид хоёр сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөжүүлэхээр зорьж байна.