Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимээс Хууль зүйн сургуулийн “Эрүүгийн эрх зүй” багц ангийн суралцагчдад зориулан “Прокурорын хяналт” хичээлийн хүрээнд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад прокурор хяналт тавих нь” сэдэвт семинарын хичээлийг өнөөдөр /2026.10.27/ зохион байгууллаа.
Сургалтад Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Баярчимэг зочноор оролцож, прокурорын хяналтын эрх зүйн үндэс, практик хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцав. Мөн суралцагчид прокурорын мэргэжлийн онцлог, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хяналтын чиг үүрэг, хүний эрхэд суурилсан эрүүгийн процессыг хэрэгжүүлэхэд прокурорын оролцооны талаар асуулт тавьж, харилцан санал солилцлоо.
Энэхүү сургалт нь суралцагчдын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, мэргэжлийн ур чадвар, эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон юм.
Дашрамд дуулгахад, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимээс практик байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан сургалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулж байна.