Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, алба хаагч, суралцагчдын эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор 10 дугаар сарын 23-ны өдөр “Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.
Сургалтыг Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн ахмад Б.Хулан нээж, Сургалтын газрын Бакалаврын хөтөлбөр хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Амаржаргал явуулав. Тус сургалтаар хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, үйлдэгдэх нийтлэг хэлбэр, эрх зүйн зохицуулалт, эрсдэлийн хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, болзошгүй хохирогчийг эрт илрүүлэх, хамгаалах асуудлыг хөндлөө.
Сургалтын дараа нээлттэй ярилцлага өрнүүлж, оролцогчид гэмт хэргийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, болзошгүй хохирогчийг илрүүлэх, хамгаалах чиглэлээр санал солилцов.