Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас зохион байгуулах “Хууль сахиулах салбарын удирдлага: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл, өгүүллийг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна. Хууль сахиулах салбарын удирдлагын үйл ажиллагааны ололт, амжилтыг тодорхойлох, салбарын эрдэмтэн, судлаачдын бүтээл, судалгааг эргэлтэд оруулах, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлэх зорилгоор тус хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна. Энэ хурлын талаар Цагдаа, дотоодын цэргийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, доктор /Ph.D/, цагдаагийн дэд хурандаа Г.Болор-Эрдэнээс тодрууллаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
– Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Хууль сахиулах салбарын удирдлага: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хууль сахиулах салбарын удирдлагын үйл ажиллагааны ололт, амжилтыг тодорхойлох, хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын бүтээл, судалгааны ажлыг эргэлтэд оруулах, салбарын удирдлагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна. Хурал Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн “Хурлын танхим”-д танхимаар болон цахимаар (Hybrid mode) хослон явагдах бөгөөд Монгол, Англи хэлээр зохион байгуулагдана.
– Хуралд хэн оролцох боломжтой вэ?
– Хуралд гадаад, дотоодын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагууд, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын болон Төрийн тусгай хамгаалалтын газар, Гаалийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцох боломжтой.
– Хурлыг хэрхэн зохион байгуулах вэ?
– Хурлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Ирүүлсэн өгүүллийг зохион байгуулагчид хүлээн авч, эрдэм шинжилгээний ажилд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан, хурлын зорилготой нийцсэн илтгэлийг сонгон II шатанд хэлэлцүүлэх юм.
– Өгүүллийг ямар чиглэлээр хүлээн авах вэ?
– Өгүүллийг хүний эрх, хууль сахиулахуйн удирдлага, инновац; аюулгүй байдал, удирдлага, стратеги; эрсдэлийн удирдлага, шийдвэр гаргалт болон бусад холбогдох чиглэлээр хүлээн авна.
– Өгүүлэлд тавигдах шаардлагын талаар тайлбарлана уу.
– Өгүүлэл нь англи хэлээр бичигдсэн байх бөгөөд сэдэв, зохиогчийн овог, нэр, цахим хаяг, хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, санал, хавсралт, эх сурвалжийн жагсаалтаас бүрдэнэ. Эшлэлийг APA7 стандартын дагуу хийнэ. Мөн өгүүллийг хамтран бичиж болох бөгөөд өөр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлээгүй, нийтлүүлээгүй байх шаардлагатай.
– Шалгарсан бүтээлүүд хаана нийтлэгдэх вэ? Бүтээлийг хүлээн авах хугацаа?
– Шаардлага хангасан өгүүллүүдийг нэгтгэн “Хууль сахиулахуйн удирдлага” сэтгүүлийн (ISSN 2559-7501, DOI: https://doi.org/10.63570/9qn55h16) 4 дүгээр улирлын дугаарт хэвлэнэ.
Өгүүллийг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цахим хэлбэрээр https://journal.uia.gov.mn/ нэгдсэн системээр хүлээн авах ба та бүхэн тус системд хандан “Хууль сахиулахуйн удирдлага” сэтгүүлийг сонгон илгээгээрэй. Хуралд хэлэлцүүлэх, эмхэтгэлд нийтлүүлэх эсэх хариуг 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор эргэн мэдэгдэнэ.
– Хуралд оролцохоор бэлтгэж буй салбарын эрдэмтэн, судлаачдад хандаж юу хэлэх вэ?
– Хууль сахиулах салбарын удирдлагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрдэм шинжилгээний судалгаа, олон улсын туршлага, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд салбарын эрдэмтэн, судлаач, алба хаагчдыг судалгааны бүтээлээ ирүүлж, хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99067581, 89100003 утсаар болон lawenforcementmng@gmail.com цахим шуудангаар холбогдон авах боломжтой.