-Та “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрх зүйн зохицуулалт” сэдвийг сонгон судлах болсон шалтгаан юу вэ?
-Монгол Улсад цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан хууль, төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан бодлогын баримт бичиг, сайдын эрх мэдлийн хэмжээнд гаргасан тушаал, цагдаагийн төв байгууллагын дарга эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан нийт 40 гаруй эрх зүйн акт одоогоор мөрдөгдөж байна.
Эдгээр эрх зүйн зохицуулалтад нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх тохиолдлуудыг заахаас гадна хуульд тусгагдаагүй хэрэглээг бусад хэм хэмжээний актад нэмж тусгасан байдаг. Энэ нь хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлах гэсэн үндсэн зарчим алдагдаж байна гэж үзэхэд хүргэсэн. Үүнээс гадна дараах үндэслэлээр энэхүү сэдвийг сонгон авч судалсан.
Нэгдүгээрт, цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхтэй холбоотойгоор гэмт хэрэгт холбогдон шалгагдах тохиолдол сүүлийн 10 жилд буурахгүй байна. Мөн гэмт халдлагад өртөж, хохирох явдал жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2016 онд 63 алба хаагч гэмт халдлагад өртөж, гэмтсэн бол 2025 онд 203 алба хаагч өртөж, хохирсон нь 3.2 дахин өссөн үзүүлэлт юм.
Хоёрдугаарт, цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалж үзэхэд нэр томьёо, төрөл, ангиллыг өөр өөрөөр хэрэглэсэн, оновчтой бус тодорхойлсон, тусгай хэрэгсэл хэрэглэх аргачлал нь тодорхой бус байна. Жишээлбэл, “албадлагын арга хэмжээ”, “хүч хэрэглэх”, “адилтгах хэрэгсэл”, “нэг бүрийн тусгай хэрэгсэл” (цахилгаан гүйдлээр цохигч буу, резин болон хуванцар сумтай буу) гэх мэт нэр томьёог харилцан адилгүй хэрэглэж байна. Мөн хуульд хэрэглээгүй нэр томьёог хэм хэмжээний актад тусгаж, хэрэглэх тохиолдол цөөнгүй байна.
Тиймээс цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ гэмт халдлагад өртөж, хохирох, эсхүл өөрөө тусгай хэрэгслийг буруу хэрэглэснээс гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байдлыг судлах шаардлагатай гэж үзсэн. Үүний зэрэгцээ гадаадын зарим орны хүч хэрэглэх эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болон дотоодын хууль тогтоомж дахь зохицуулалтыг харьцуулан судалж, практикт тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэн, сайжруулах арга замыг боловсруулах шаардлагатай гэж үзэж, энэхүү сэдвийн хүрээнд судалгааны ажлыг явуулсан.
-Таны судалгааны ажлын шинэлэг тал нь юу вэ?
-Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрх зүйн зохицуулалт, түүний үүсэл хөгжил, өнөөгийн байдал, онолын ойлголт, хэрэгжилтийг онолын болон арга зүйн түвшинд судалж, тактик ажиллагааг тодорхойлсон. Мөн олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчим, дотоодын хууль тогтоомж, гадаадын зарим орны холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийсэн. Үүний үндсэн дээр цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх явцад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, сайжруулах арга замыг боловсруулсан нь энэхүү диссертацын ажлын шинэлэг тал болсон.
-Судалгааны ажлынхаа ач холбогдлын талаар ярина уу?
-Энэхүү судалгааны ажлын хүрээнд цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхтэй холбоотой онолын үндэс, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон дүгнэсний үндсэн дээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох таван багц санал боловсруулсан. Эдгээр багц саналыг хэрэгжүүлснээр цагдаагийн хүч хэрэглэх эрх зүйн тогтолцоо нь хууль зүйн хувьд нэгдмэл, ил тод, хяналттай, хүний эрхэд нийцсэн систем болж шинэчлэгдэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд хүч хэрэглэхтэй холбоотой маргааны эрсдэл буурч, цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдал хангагдах, иргэдийн итгэлцэл дээшлэх, хүний эрхийн хамгаалалт бодитоор сайжрах нөхцөл бүрдэх юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд, эрдмийн ажилд минь дэмжлэг, туслалцаа үзүүлсэн удирдагч багш Ч.Нямсүрэн, зөвлөх багийн гишүүд Б.Баянмөнх, З.Цэрэнбат, мөн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал болон хамт олондоо баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.