Дотоод хэргийн их сургууль, Гаалийн ерөнхий газрын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим, Гаалийн ерөнхий газрын Сургалтын төв хамтран 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гаалийн эрх зүй ба мэргэжлийн чиг баримжаа” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь Хууль зүйн сургуулийн I–III дамжааны суралцагчдад гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг, гаалийн улсын байцаагчийн мэргэжлийн онцлог, албан үүрэг, хариуцлага, мэргэжлийн хөгжлийн боломжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, мэргэжлийн чиг баримжааг олгоход чиглэсэн.
Өдөрлөгийг Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам нээж, Гаалийн ерөнхий газрын Сургалтын төвийн гаалийн улсын байцаагч, багш, гаалийн итгэмжит зөвлөх Ч.Тамираа гаалийн албаны мэргэжлийн онцлог, үйл ажиллагааны чиглэл, алба хаагчид тавигдах шаардлага, карьерын хөгжлийн боломжийн талаар сургалт, мэдээлэл хүргэлээ.
Мөн Гаалийн ерөнхий газрын Сургалтын төвийн гаалийн улсын байцаагч, багш, гаалийн зөвлөх Ж.Жаргал-Эрдэнэ, гаалийн улсын байцаагч, багш Э.Долгоржав нар оролцож, суралцагчдын сонирхсон асуултад хариулан, мэргэжлийн туршлагаасаа хуваалцав.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсад гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн хамт олноос Гаалийн ерөнхий газрын Сургалтын төвийн төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү өдөрлөг нь суралцагчдын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, “Гааль судлал” мэргэшүүлэх багцыг сонгон суралцахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр байгууллагын сургалт, мэргэжлийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой боллоо.