-Танд баяр хүргэе. “NEW NORMAL 2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын “Олон улсын харилцаа” салбар хуралдаанд гуравдугаар байр эзэлсэнд баяр хүргэе. Судалгааны ажлынхаа талаар хуваалцахгүй юу?
Баярлалаа. Би Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч О.Болорцэцэгийн удирдлага дор “Цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн зохицуулалт ба олон талт хамтын ажиллагаа” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэж, тус хуралд оролцсон. Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр цахим халдлагаас сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал улс орнуудын хамтын ажиллагааг улам их шаардаж байна. Судалгаандаа энэ чиглэлийн олон улсын эрх зүйн зохицуулалт, олон талт хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлсэн. Удирдан чиглүүлсэн багшдаа болон урам хайрлаж, баяр хүргэсэн бүх хүмүүст баярлалаа. Миний хувьд амжилт гэдэг нэг удаагийн шагнал, өргөмжлөлөөр хэмжигдэх зүйл биш. Харин өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, нийгэмд бодит үнэ цэн бүтээх нь чухал гэж боддог.
Судалгаа хийх явцад олон удаагийн шалгуур, сорилттой тулгарч байсан гэлээ. Энэ процессыг даван туулахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?
Эрдэм шинжилгээний хуралд оролцоно гэдэг бусад хичээл номоо хийхийн зэрэгцээ илүү их цаг хугацаа, тэвчээр шаардсан ажил. Бичиж байх явцад хийсэн судалгаа маань үнэлэгдээд тэнцэх үе байхад, алдаа дутагдал гарч татгалзах үе түүнээс ч олон байсан. Олон эх сурвалжийн дунд төөрөх өдөр ч цөөнгүй байлаа. Гэвч тэр бүхний эцэст миний судалгаа цэгцрэн, дэвшүүлсэн асуултынхаа бодит хариултыг олоход ер бусын баяр хөөр төрдөг /инээв/
Хууль зүйн чиглэлээр суралцах болсон түүхээ хуваалцана уу.
Би хүүхэд байхаасаа хуульч болохыг хүсдэг байсан.Гэхдээ ерөнхий боловсролын сургуульд байхдаа математикийн хичээлдээ сайн байсан учраас есдүгээр ангидаа нийгмийн ухааны сонгон суралцах хичээлийн оронд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг сонгосон юм. Ингээд инженер болохоор төлөвлөж, хоёр жил суралцсан.
Харин арван хоёрдугаар ангид орох жилдээ өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, хуульч болохоор тууштай бэлтгэх шийдвэр гаргасан. Элсэлтийн ерөнхий шалгалтад бие даан бэлдэж байхад эгч маань “Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах гэж байгаа бол Дотоод хэргийн их сургуулийг сонгоорой” гэж зөвлөсөн. Тэр зөвлөгөө миний сонголтод нөлөөлж, өнөөдөр хүссэн мэргэжлээрээ суралцаж байна.
Математикийн чиглэлээс хууль зүйн мэргэжил рүү шилжих шийдвэр гаргахад юу хамгийн чухал байсан бэ?
Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд итгэх нь хамгийн чухал байсан. Чиглэлээ өөрчлөхөд эргэлзэж байсан хүмүүс бий. Гэхдээ би хуульч болохыг хүсэж байгаагаа ойлгож, тэр зорилгынхоо төлөө бие даан бэлтгэсэн. Өөрийн сонголтдоо тууштай байж, түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй юм билээ.
Энэ удаагийн амжилт танд ямар урам зориг өгсөн бэ? Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу.
Гуравдугаар байр эзэлсэн нь надад их урам өгч, цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэх итгэлийг нэмсэн. Одоогоор улсын хэмжээний хоёр эрдэм шинжилгээний хурал, Хууль зүйн сайдын нэрэмжит нэг хурал, мөн сургуулийнхаа хоёр эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэхээр О.Болорцэцэг багшийнхаа удирдлага дор бэлтгэж байна.
Судалгааны ажилд идэвхтэй оролцоход сургуулийн дэмжлэг, багш нарын заавар зөвлөгөө их түшиг болдог. Цаашдаа мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлж, үндэсний болон олон улсын түвшинд хууль зүйн салбарт хувь нэмрээ оруулах чадвартай хуульч болохыг зорьж байна.
2026-2027 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийг сонгон суралцахаар төлөвлөж буй дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?
Юуны өмнө “Өөрийнхөө мөрөөдөлд итгэж, зоригтой шийдвэр гаргаарай” гэж хэлье. Би математикийн чиглэлээс хуулийн мэргэжлийг сонгон суралцахдаа өөртөө итгэж, зорилгынхоо төлөө бие даан бэлтгэсэн. Миний хувьд Дотоод хэргийн их сургууль бол мэдлэг эзэмшихийн зэрэгцээ сахилга баттай байж, сурсан зүйлээ практиктай холбон ойлгох боломж олгодог орчин. Элсэн орсныхоо дараа хичээлээр хязгаарлалгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд эртнээс оролцоорой. Багш нарынхаа зөвлөгөөг сонсож, тууштай хичээвэл өөрийгөө хөгжүүлэх олон боломж бий.
Мөн манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр нь олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд манай "Эрх зүй" хөтөлбөрийн төгсөгчид Европын орнуудын Их дээд сургуулиудад кредит дүйцүүлэн суралцах, ахисан түвшинд суралцахад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг асар том давуу талтай. Багш нарынхаа дэмжлэгтэйгээр өөрийгөө хөгжүүлж, ийм дэлхийн түвшний стандартад нийцсэн орчинд суралцаж байгаагаараа бахархдаг. Энэ дашрамд намайг үргэлж чиглүүлж, тусалсан Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч О.Болорцэцэг багшдаа гүн талархал илэрхийлье.
Ярилцсанд баярлалаа. Суралцах, судлах үйлсэд тань амжилт хүсье.
Баярлалаа.