Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, "Алдар" спорт хорооны тамирчин, Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2311 дүгээр дамжааны суралцагч У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо. Тэрбээр өмнөх Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн болсон юм. Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нь “Парис-2024” зуны паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин билээ.
Эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд мандуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавтаа Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын ажил, сурлага, спортын их амжилт хүсэн ерөөе. Түүнийг Азийн аваргын алтан медалиа аваад эх орондоо ирсний дараа товч ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө танд Азийн пара наадмаас алтан медаль авсанд танд баяр хүргэе.
-Баярлалаа. Медаль авах болгондоо дараагийн тэмцээндээ илүү сайн бэлдэнэ гэсэн урам зориг авдаг. Энэ удаагийн тэмцээн ч гэсэн тийм байлаа. Ирээд дараагийн тэмцээнийхээ бэлтгэлд гараад байна.
-Таеквандогийн спортын бусад спортоос илүү давуу талыг та хэрхэн онцлох вэ?
-Хүүхдийн хөл гар гээд биеийг өв тэгш хөгжүүлдэг. Хүндлэлийг маш сайн сургаж, багаараа, олуулаа хичээхэд эерэг үр дүн гардаг гэдгийг харуулж чаддаг нь хамгийн том давуу тал нь юм.
-Таеквандогийн спортыг сонгон хичээллэхэд танд хамгийн том урам өгсөн хүн тань хэн бэ? Хамгийн анх медаль авч байсан дурсамжаа бидэнтэй хуваалцана уу?
-Багш дасгалжуулагчид, хамт олон маань чи чадна, чи ингээд л хий гээд итгэл найдвар, урам их өгдөг байсан. Мөн медаль авахад маш их урам авдаг. Олон сар хичээллэснийхээ үр дүнгээ үзэх шиг сайхан зүйл байхгүй. Би хамгийн анх 2017 онд Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 49кг-ийн жинд хоёр алтан медаль аваад чадах юм байна, болох юм байна гэсэн итгэлийг олж авсан. Дараа нь яг тэр жилдээ Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Анхны медаль алт байсан маань өнөөдрийн амжилтын эх суурь гэж бодож, бэлгэшээдэг.
-Та Олон Улсын тэмцээнээс анх ямар медаль авч байсан бэ?
-Хамгийн анх Вьетнам улсын Хошимин хотод зохион байгуулсан Азийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авсан. Ингэж Олон Улсын тэмцээний гараагаа эхэлсэн. Тамирчин хүний хувьд төрийн дууллаа сонсохоор ер бусын их эрч хүч авдаг. Тэмцээнээс тэмцээнд сонсоно гээд бодож хичээдэг. Төрийн дууллаа эгшиглүүлээд, төрийн далбаагаа мандуулах нь миний амьдралын хамгийн том бахархал. Мэдээж миний амжилт бол ганцхан минийх биш. Миний ард зөндөө хүмүүс байгаа. Тэр олон хүмүүс бүгдээрээ л баярлахыг харах ямар кайфтай /инээв/ байдаг гээч.
-Та яагаад Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийг сургуулийг сонгон суралцах болсон бэ?
-Би багаасаа хуульч болно гээд мөрөөддөг байсан. Гэтэл шийдвэрлэх мөчид Их сургуульд элсэн суралцах, спортоор хичээллэх гэсэн хоёр сонголттой тулгарсан. Ингээд энэ спортоороо тасралтгүй хичээллэсэн дээ. Спортоо сонгож, Олимпийн аварга болсны дараа дасгалжуулагч, дэд хурандаа С.Эрдэнэбат багш минь хуульчаар суралцах хүсэл мөрөөдөл чинь хэвээрээ бол манай сургуульд сураарай гэж зөвлөөд Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийг сонгосон. Энэ дашрамд багшдаа баярлалаа гэж хэлье.
-Та хүүхэд залууст урам дэм өгөх ямар үгийг хэлэх дуртай вэ?
Хүн шантрахгүй байх хэрэгтэй. Бартаа саадгүй юм гэж үгүй. Тиймээс давж туулаад эцсээ хүртэл хичээх юм бол сайн үр дүн заавал гарна гэдэгт итгэдэг. Тиймээс тууштай байх хамгийн чухал гэж хэлэх дуртай. Учир нь би өөртөө энэ зорилгыг тавьж энэ спортоор хичээллэдэг.
-Тамирчин хүний хамгийн том хүсэл мөрөөдөл юу байдаг вэ?
Тамирчин хүн бүхний мөрөөдөл бол ОЛИМПИЙН АВАРГА болох юм. Би ч бас аваргаа батлахын тулд ахиад аварга болно гээд бодож хичээж бэлтгэлээ хийсээр байна. Цэргийн сургуулийн сонсогч суралцагч та бүхэн эзэмшсэн мэргэжлээрээ сайн сураад, ажилдаа чин сэтгэлээсээ хандвал эх орондоо ихийг бүтээж хурандаа, генерал гээд хүссэн цолондоо хүрэх боломж байгаа шүү гэж хэлье.
Баярлалаа.Танд спортын амжилт хүсье.