Дотоод хэргийн их сургууль нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай “Сонсогч солилцооны хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь хоёр улсын хууль сахиулах байгууллагын сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судлагаа, сонсогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хоёр орны хэл, соёл, уламжлалтай танилцах боломжийг бүрдүүлэх зорилготой.
Энэ хичээлийн жилийн хүрээнд Вьетнамын Ардын цагдаагийн академийн гурван сонсогч Дотоод хэргийн их сургуульд суралцаж, сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн болон ерөнхий суурь мэдлэг эзэмшихийн зэрэгцээ Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, уламжлалтай танилцаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд сонсогчдыг соёлын үйл ажиллагаанд хамруулж тэдний Монгол Улсад суралцах хугацааг үр өгөөжтэй, дурсамжтай өнгөрүүлэхэд чиглэсэн сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Энэхүү солилцооны хөтөлбөр нь хоёр улсын хууль сахиулах байгууллагын ирээдүйн боловсон хүчний харилцан ойлголцол, нөхөрлөл, мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургууль олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гадаадын хамтрагч байгууллагуудтай боловсролын салбарын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.