Дотоод хэргийн их сургууль нь сургалтын үйл ажиллагаандаа цахим, зайн сургалтын нэгдсэн системийг үе шаттайгаар хөгжүүлж, багш нарын цахим сургалт зохион байгуулах ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилээс Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж буй дээд боловсролтой алба хаагчдад зориулсан “Цагдаа судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал” 3 жилийн бакалаврын хөтөлбөрийг цахим, танхим хосолсон хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын 21 аймагт ажиллаж буй алба хаагчид хичээлийн эхний жилд ажлын байран дээрээсээ 100 хувь цахимаар суралцах боломж бүрдэнэ.
Бид сургалтын чанар, суралцахуйн үр дүнг дээшлүүлэх хүрээнд багш, алба хаагчдыг чадавхжуулах “Цахим хичээл боловсруулах арга зүй” сэдэвт ахисан түвшний сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.