✅ Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн "Бичиг баримт судлал", "Мөр судлал"-ын лабораториудыг олон улсын ISO/IEC 17025:2017 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага стандарт”-ыг хангасан тул хоёр жилийн хугацаатайгаар магадлан итгэмжиллээ.
✅ Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг өнөөдөр /2026.05.22/ Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батдорж Шинжлэн магадлах ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Номин болон лаборатори хариуцсан багш, албан хаагчдын төлөөлөлд гардуулан өглөө.
✅ Дотоод хэргийн их сургуулийн “Бичиг баримт судлал”, “Мөр судлал”-ын лабораториудад олон улсын ISO/IEC 17025:2017 стандартыг нэвтрүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид криминалистикийн бичиг баримтын болон мөр судлалын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү итгэмжлэл нь тодорхойлсон хүрээнд сорилт гүйцэтгэх техникийн чадавхитай бөгөөд лабораторийн чанарын менежментийн тогтолцоотой болохыг (ISO-ILAC-IAF-ын 2017 оны хамтарсан мэдэгдлийг үндэслэн) гэрчлэх юм.
✅ Дотоод хэргийн их сургууль нь олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлснээр Их сургуулийн "Азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрэх" алсын хараа болон олон улсын судалгааны их сургуулийн загвараар хөгжихөд чухал алхам болж байна.