“Эрдмийн далай” сонин энэ удаагийн дугаартаа Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Тэргүүний залуу судлаач”-аар тодорсон Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн хошууч Н.Сайнбаярыг онцолж байна. -Таны амрыг эрье. Баяр хүргэе. Цагдаагийн сургуультай ажил амьдралаа холбосон дурсамжаар тань ярилцлагаа эхэлье. -Амрыг эрье. Баярлалаа. Би 21 дэх жилдээ цагаан шонхорын сүлдэт албандаа ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагынхаа тогтолцоог улам сайжруулах чиглэлээр хийж бүтээх зорилго тэмүүлэлтэй жирийн нэгэн алба хаагч. Тиймээс цагдаагийн байгууллагын албан хаагчдыг үндэс, сууриас нь эхлэн зөв хандлага, сэтгэлгээтэй бэлдэж чадвал хүний эрх төвтэй хууль сахиулах тогтолцоог бий болгож чадна гэж үзэж зориг шулуудан ажиллаж байна. 2020 онд цагдаагийн байгууллагаас зарлагдсан докторын хөтөлбөрт өдрөөр суралцах зарлалын дагуу шалгалт өгч тэнцэж, улмаар цагдаагийн анхны өдрийн докторант болж байлаа. Ингээд танхимын сургалтаа дуусгаад, 2023.06.30-ны өдөр хууль зүйн доктор, профессор Т.Оюунчимэг багшийнхаа удирдлагад “Мөрдөгчийн эрх зүйн байдлын онол, практикийн асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан юм. Тэгээд мэргэжлийн чиглэлээрээ багшлах боломжтой талаар тухайн үеийн удирдлагаас санал тавихад зөвшөөрч одоог хүртэл Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимдээ ахлах багш, дэд профессороор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаандаа бүтээхийн төлөө эрмэлзэж, одоогийн байдлаар 6 нэг сэдэвт бүтээл, гарын авлага гаргаж олны хүртээл болгосон бөгөөд 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, 5 докторантын зөвлөх багийн гишүүнээр ажиллаж байна. Мөн анхны тэнхимийн эрхлэгчээр өлгийдөн авсан Б.Цогтбаатар багшаасаа их зүйлийг сурсандаа баяртай явдаг. -2024-2025 оны хичээлийн жилд хийж бүтээсэн онцлог ажлуудаасаа манай уншигчдад танилцуулна уу? -Албандаа хайртай алба хаагчийн хувьд мөрдөгчдөд хэрэгцээтэй бүтээл туурвихыг их хичээж ажилласан. Үүний үр дүнд зөвхөн энэ хичээлийн жилд “Мөрдөгчийн эрх зүйн байдал” нэг сэдэвт бүтээл, “Үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа”, “Хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа”, “Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах зарим асуудал” сэдэвт гарын авлагуудыг бүрэн боловсруулж дуусгаад олны хүртээл болголоо. Эдгээр бүтээлээ боловсруулахдаа эрүүгийн процессын эрх зүй онол, зарчмаас гадна олон улсын тэргүүн туршлага, практикт ажиллаж байхдаа хэрэглэж байсан арга зүй зэргийг үндэслэсэн. Энэ агуулгаараа суралцагч болон мөрдөгчдөд туйлын хэрэгцээтэй бүтээлүүд болсон гэж итгэж явдаг. Эдгээр бүтээлээ оюуны өмчийн газраар баталгаажуулж, их сургуулийнхаа номын санд бүтээлүүдийнхээ нээлтийг амжилттай хийлээ. Энэ дашрамд Их сургуулийнхаа Төв номын сангийн хамт олондоо баярласнаа дахин илэрхийлье. Цаашлаад эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд 20 гаруй илтгэл, өгүүллийг гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, сэтгүүлүүдэд нийтлүүлжээ. Тухайлбал, Казахстан Улсын Дээд шүүхийн дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын Төв Азийн бүс нутгийн алба (OHCHR), НҮБ-ын Төв Ази дах Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC), НҮБ-ын Европ, Төв Азийн бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн төв (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв), Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх ардчилсан институтийн алба (OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR)), Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Астана, Бишкек, Душанбе дахь хөтөлбөрийн газрууд, Эрх зүйн бодлого, судалгааны төв (LPRC) хамтран Казахстан Улсын Астана хотод 2024 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Төв Азийн эрүүгийн шүүх эрх мэдлийн салбарын шинжээчдийн 9 дэх удаагийн форум”-д үндсэн хоёр удаагийн илтгэл хэлэлцүүлсэн, ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Орёлын хууль зүйн дээд сургуулиас зохион байгуулсан “Хууль сахиулах байгууллагын алба хаагчийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Хууль сахиулах боловсрол судлалын чиг хандлага Монгол Улсын жишээн дээр” сэдэвт үндсэн илтгэл, Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Волгоградын академиас зохион байгуулсан “Эрүүгийн процессын хууль тогтоомжийн хэрэглээ цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монголын эрүүгийн процесс дах мөрдөгчийн эрх зүйн байдал” сэдэвт үндсэн илтгэл тус тус хэлэлцүүлсэн. “International Journal of Innovation Scientific Research and Review” SJIF Impact Factor 6.599, ISSN: 2582-6131 сэтгүүлийн Vol. 07, Issue, 02, pp.7830-7833, February 2025-т “Right to a fair trial” сэдэвт, Мөн сэтгүүлийн Volume 07, Issue 10, October 2025-т Human rights protection issues during the process of rehabilitation measures сэдэвт хамтарсан илтгэлүүдийг тус тус нийтлүүлсэн. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Уралын хууль зүйн дээд сургуулиас эрхлэн гаргадаг Правоохранительные органы: теория и практика сэтгүүлийн 2025 оны №1-т Определение принципов участия детей в уголовном судопроизводстве сэдэвт өгүүлэл нийтлүүлсэн. Түүнчлэн, SCOPUS-т бүртгэлтэй ОХУ-ын “Вестник Томского государственного университета. Права” сэтгүүлд “Особенности участия детей в уголовном судопроизводстве” сэдэвт илтгэл хүргүүлж хянагдаж байна. -Мэргэжлээрээ багшилна гэдэг амаргүй ажил. Багшийн ёс зүй, багшийн ажлаараа бахархан хэлэх таны үг юу вэ? -Багш хэмээх мэргэжил бол хувь заяаны ажил л гэж боддог. Анх багш болохдоо өөрийгөө голонгуй байдаг байсан. Багш бол бүхнийг мэддэг чаддаг, мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, мэдхиийн тулд байнга өөрийгөө хөгжүүлдэг, тэрхүү мэдлэг, чадвараа суралцагчдадаа хүргэж, тэдний төлөө өөрийн ахуйг умартаж чаддаг хүнийг хэлдэг болов уу гэж их бэргээтэй байсан. Тиймдээ ч багш аа гээд тоогоод ирэх хэн ч байсан бүх ажлаа хойш нь тавин байж харилцахыг хичээдэг. Та намайг анзаарсан бол би шавь гэдэг үгийг хэрэглэдэггүй. Учир нь шавь бол маш гүн гүнзгий ухагдахуун гэж боддогтой минь холбоотой. Шавь гэх үгийг он цагийн туршид багшийнхаа эрдэмд суралцаж, түүний захиасыг амьдралдаа бүрэн хэрэгжүүлэн явж буй сэхээтнийг хэлнэ гэж ойлгодог. Тийм болохоор энэ үгийг их нандигнадаг гэх үү дээ. Багш бол эгнэгт нөмөр мэдрүүлдэг ачтан юм. -Таны шавь нартаа хэлэх дуртай үг -Хүний эрхэд үргэлж хүндэтгэлтэй хандаж яваарай. Эрх мэдэлдээ дулдуйдаж бусдын эрхэд хүндэтгэлгүй хандах юм бол дараагийн эрх мэдэлтэй нэгэн чиний эрхэд хүндэтгэлгүй хандах хаалгыг нээж өгч буй юм шүү гэж үргэлж суралцагчдадаа захидаг. -Таны цагдаагийн албан хаагч болсон тухай түүхийг сонсоод маш их бахархсан. “Тэргүүний залуу судлаач”-ийн анх цагдаагийн алба хаагч болж байсан дурсамжийг хуваалцья. -Баярлалаа. Би сурагч байхаасаа цагдаагийн алба бол тусгай алба, онцгой хүмүүс л цагдаад ажилладаг гэж боддог байлаа. 10 жилээ төгсөөд математикийн хичээлдээ онцсайн байсан тул Дархан-Уул аймгийнхаа Нягтлан бодох бүртгэлийн дээд сургуульд элсэн суралцсан юм. Энэ сургуулийнхаа эхний семистрээ амжилттай төгсөөд харьж явахдаа цагдаа болчихсон найзтайгаа таарч цагдаа л болъё гэж сэтгэл шулуудсан. Ингээд шаардлагатай баримт материалуудаа бүрдүүлээд, шалгалтаа өгөөд тэнцтэл, 7 настайдаа сургуульд орсон болохоор 18 нас хүрээгүй үндэслэлээр хасагдчихсан. Тухайн үеийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хошууч Б.Бат-Өлзий чиний хичээл зүтгэлийг харлаа, жилийн дараа ирвэл чамайг шалгалтгүй авна гэж амалсан болохоор ээж, ааваасаа зөрөн байж сургуулиа хаяж, цагдаа болохын тулд 1 жил хүлээж байлаа. Ингээд яг нэг жилийн дараа Цагдаагийн Академийн Цагдаагийн анхан шатны сургалтын төвд элсэн суралцаж, Онц дүнтэй төгсөж, цагдаагийн алба хаагчийн ажлын гараагаа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар эхлүүлж байлаа. Үр дүнтэй ажилласан тул суралцах эрхээр шагнуулж, 2007 онд Цагдаагийн академид “ажиллагсдын” гэх тодотголтой 111 дүгээр дамжааны ангийн дарга болж, түрүүч цолоор шагнуулж явлаа. Цагдаагийн академийн босгыг даван орох үедээ “улаан диплом”-той төгсөнө гэж өөртөө амлалт өгч, эхний семестрийн шалгалтуудаа бүгдийг нь онц өгч урам зориг дүүрэн суралцаж эхэлсэн. Гэтэл хоёрдугаар семестрийнхээ нэг хичээл дээр В үнэлгээ аваад, гундуу явахад тухайн үеийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч С.Нармандах багш дуудаад, - Чи ОХУ-д 5 жилээр суралцах шалгалт өг, чи орос хэлэндээ сайн юм чинь шалгалтад тэнцэж чадна гэж санал тавьсных нь дагуу шалгалт өгч тэнцжээ. Шалгалт өгөх болсон шалтгаан нь нөгөө л улаан дипломтой төгсөх боломж гарч ирлээ гэж бодсных аж. Энэ тухайгаа эхнэртээ хэлэхэд дурамжхан байсан ч ээж маань яв гэж зоригжуулсан тул 2009 онд ОХУ-ын ДХЯ-ны харьяа Орелын Хууль зүйн дээд сургуулийн Хууль зүйн факультетын “Замын гэмт хэрэг мөрдөн шалгах мэргэшсэн мөрдөн байцаагч”-ийн ангид элсэн суралцаж, 2014 онд хүсэл зорилго болсон улаан дипломоо өвөртлөн ирж, Монгол Улсынхаа цагдаагийн байгуууллагын офицерийн бүрэлдэхүүнд багтсан даа гэж хуучиллаа. Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мөрдөн байцаагчаар томилогдон, амжилттай ажиллаж мөрдөн байцаагч болох мөрөөдлөө ч биелүүлсэн байна. Сэтгэл зүрхээ зориулсан албандаа хийж бүтээсэн зүйлтэй, түүхтэй, мөртэй Н.Сайнбаяр шиг багш нар байгаа учраас шилдэг алба хаагчид төрөн гарсаар байх нь дамжиггүй. Ийм олон гэгээн дурсамжийн эзэн “Тэргүүний залуу судлаач”, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр таны эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье. Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал