“Эрдмийн далай” сонин энэ удаагийн дугаартаа НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуулийн 1977 оны онц төгсөгч, хурандаа Ш.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа. -Цэргийн тусгай дунд сургуульд элссэн түүхээс тань ярилцлагаа эхэлье. -Би 1974 онд Улаанбаатар төмөр замын 20 дугаар дунд сургуулийг төгсөөд Цэргийн тусгай дунд сургуульд элссэн. Тухайн үед НАХЯ-ны сургууль учраас чекист, цагдаа болно гэж бодож байлаа. Ер нь бол хилчин болно гэж зүүдлээ ч үгүй. Харин нэгдүгээр курсийн дунд үеэс хилийн улс төрийн ангид сураад байгаагаа ойлгосон. Тухайн үед 77 хүүхдээс бие бялдар сайтай, тамирчин голдуу 25-ыг нь улс төрийн ангид бусдыг нь хуулийн ангид хуваарилсан юм билээ. -Карантинд гарсан үеэ эргэн дурсвал? -Бид долдугаар сард карантинд гараад 11 дүгээр сарын 16-нд дууссан. Карантин 45 хоногийн нэртэй боловч 4 сарынх байлаа. Тэнд цэргийн амьдралд үзэх ёстой бүх л зүйлийг үзсэн. Нэлээн хатуухан цэргийн албыг хаасан гэж болно. Анх морин тойруулгыг ганц тойрох гэж муурч унадаг байлаа. Сүүлдээ 10 тойрог тойроход амьсгааддаггүй болсон байв. Анх 10 суниах гэж сүйд болдог байсан бол сүүлдээ 100 суниахыг тоохоо больсон. Бие бялдрыг эцэст нь хүртэл хүчдэл өгсөн. Бид бүгд дааж гарсан. -Чекист болох мөрөөдлөөр элсээд хилчин болоход ямар санагдаж байв? -Би хил дээр төрж, өссөн хүн. Замын-Үүдийн цэргүүдийн дунд хүүхэд нас минь өнгөрсөн. Тийм болохоор хилийг, хилчнийг, хилийн амьдралыг гадарлана. Тиймээс хилийн улс төрийн ангид хуваарилагдахад огт цочирдоогүй. Тухайн үед цаг, улс төрийн байдал нэлээд хүндэрсэн, Хятадад соёлын хувьсгал гарчихсан, Хятадаас машин шөнөдөө хэдэн зуугаараа ирж буцдаг тийм түгшүүртэй үе байлаа. Төгсөөд удаагүй буюу 1979-1980 оны үед л дээ. Хятад, Вьетнамын дайн эхлээд байв. Тэр үед хоёр жил траншейнд хээр амьдарсан. Оковка ухаад хооронд нь холбоод хориглох байгууламж бариад л амьдардаг байлаа. -Сонсогч насаа эргээд дурсаач. Тэр үед сургалт ямар байв? -Би нэгдүгээр курстээ тасгийн грантмётчин, хоёрдугаар курстээ тасгийн дарга, гуравдугаар курстээ курсийн ахлагч болсон. Ер нь ахиж дэвшсээр байсан. Сургалтын хөтөлбөр нэлээд хүнд байлаа. Тэр үед манай сургуулийн хичээлийн хөтөлбөр ЗХУ-ын Фрунзийн академийн программаар явж байсан. Яагаад гэхээр бүх багш нар тэнд төгсчихсөн. Дунд сургуулиа дөнгөж төгссөн 18 настай хүүхдэд бол чанга л байсан. Гэхдээ ямар ч байсан бүгд сурсан. Манайд Цэргийн их сургуулийн багш нар их хичээл заадаг байсан. Доктор Гомбосүрэн, Банзрагч гээд тэр үеийн манлай болсон цэргийн дарга нар зааж байсан учраас сургалтын чанар ярилтгүй сайн. Тэр хэрээрээ ачаалал өндөртэй байсан даа. Манай улс төрийн анги Намын дээд сургуулийн программаар төгссөн анхны сүлжээ анги юм билээ. Бид Намын дээд сургууль, Цэргийн ерөнхий дээд сургуульд очиж лекц уншдаг, өглөөний хүмүүжлийн яриа хийдэг байлаа. Марксист Дамба гээд маш өргөн мэдлэгтэй багш байсан. Тэр багш намайг дагуулж сургасан юм. Бид улс төрийн хичээлийн хувьд лекторын түвшинд л бэлтгэгдсэн. Намын бага хурлын илтгэл, Намын төв хорооны хурлын илтгэл зэргийг өөрсдөө бэлтгэж уншдаг, ярьж шалгуулдаг байлаа. Эхэндээ хамаг бие салгалаад ярьж чаддаггүй байсан. Харин хагас жил болоод л ярихын “өвчтэй” болсон доо. Ярих чадварыг бүрэн эзэмшсэн гэж хэлж болно. Төгсөхдөө бид лекц уншдаг, хоёр цагийн үдэшлэгийг юу ч харахгүй хөтөлж чаддаг, бүх яруу найргийг мэддэг болсон байлаа. -Хилчин болох нь таны сонголт, мөрөөдөл биш байж. Дээр нь цаг, улс төрийн байдал маш хүнд байсан цаг үед хилчний мэргэжлээр суралцахад ямар санагдаж байв? -Сурах ёстой учраас сурна л гэж боддог, чин сэтгэлийн угаас сурдаг байсан. Дайн мөдөхгүй эхэлчих гээд байдаг, төгсөж өгдөггүй. Хурдан жоохон юм сураад хил рүүгээ явмаар л санагддаг байлаа. Тэр үед эх оронч үзлийг хэтрүүлж бэлдэж байсан юм уу, буугаа сумлаад хил рүү л явах юм сан гэдэг бодолтой байлаа шүү дээ. Хотод үлдэх сэн, яаж амиа тээх үү гэдэг бодол насан туршид байхгүй. Тэр үед л арилгаад хаячихсан шиг байгаа юм. Хил рүүгээ л явна, тэндээ дуусна гэсэн бодолтой. -Сонсогч насны нэг өдөр хэрхэн өнгөрдөг байв? -Өглөөний бослогын дараа Улиастайн гол руу гүйж мөс хагалж нүүрээ угаана, биеэ шавшина. Хоолоо иднэ, тэгээд хичээл эхэлнэ. Хичээл үдээс өмнө ороод үдээс хойш давтлага орно. Бид буугаа цэвэрлэнэ, зэвсгээ судална. Чөлөөт цагаараа гитараа тоглоно, дуугаа дуулна, бөхөө барилдана. Би 1975 онд “Хүч” нийгэмлэгт үндэсний бөхөөр барилдаж цэргийн арслан цол авч байлаа. Гурван жил дараалаад самбо, жүдо, чөлөөт бөхийн аварга болж спортын мастер цолонд нэлээн дөхсөн. Манай ангид аймгийн заан Сүхбаатар, цэргийн заан Чулуундаваа, спортын мастер, цанын мастер, хөнгөн атлетикийн мастер гээд олон тамирчин байсан. Үдээс хойш тэр чигтээ хичээл хийхэд л зарцуулагдана. Өглөөний бослогоос 30-40 минутын өмнө босож уншиж, цээжилдэг. Цэргийн хичээл дүрэм ихтэй учраас заавал цээжлэх ёстой. Үдээс хойш давтлага дээр орсон хичээлүүдээ задлан шинжилж, ойлгоогүй зүйлсээ ойлгож цаашаа явдаг. Манай сургууль Хилийн цэргийн даргын бэлтгэл хүч байлаа. Янз бүрийн асуудал үүсвэл үүргэвчээ үүрээд л явах байлдааны бэлэн байдалд байв. Хилийн цэргийн штабын дарга Намсрай генерал нисдэг тэрэгтэй сүйрээд тэр эрэлд оролцож нэлээд хоног явж байлаа. -Дөнгөж байгуулагдсан сургууль атлаа марш тактик, баяр наадмын ёслолын жагсаалд гарамгай амжилт үзүүлж байсан байдаг? -Бид марш, тактикийн тэмцээнд гурван жил дараалаад Улаанбаатар гарнизоны аварга, мөн гурван жил дараалаад ёслолын жагсаалын аварга, ер нь бүх цомыг л авсан. Тэр үед дээд сургуулиа онц төгссөн хүмүүс дунд сургуульд курсийн офицер, ротын дарга, багшаар ирдэг байсан. Хурандаа Ш.Доржбал дэслэгч цолтой, манай анхны ротын дарга байлаа. Бабушкины дээд сургуулийг 1976 онд онц дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгссөн Ж.Дашням сургуулийг нэлээд өөрчилж, сургууль хэлбэрт оруулсан гэж боддог. Түүнээс өмнө Намын дээд сургуульрхуу л байсан. Ж.Дашням дарга бидэнд сайн, муу аль алиныг нь л сургасан. Ер нь асуудлыг хурдан шийддэг талдаа хүн. Манайхан бүгд Дашнямархуу ааштай. Түүний арга барилыг хуулсан, тэр хэлбэрээр л явсан. Бид жагсаалын бэлтгэлийг өндөр түвшинд, сонгодог байдлаар хийдэг байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа шиг санагддаг. Хааяа нэг зурагтаар харахад бусад сургуулиасаа илүү л анзаарагдаад байдаг юм. Тэгэхээр өвлөгдөөд үлдсэн байна л гэж боддог. Бид долоо хоногт 30 км гүйх юу ч биш. Шөнийн 15 км марш хийнэ. Бие бялдрын хувьд бүрэн дүүрэн бэлтгэсэн. Хичээлийн хувьд ч маш хүнд байсан. Гэхдээ зүтгэхээс өөр арга байхгүй. Бид үргэлж давтана, уншина. Дэлхийн нэгдүгээр дайны бүх операцуудыг уншина, задлан шинжилнэ. Дараа нь онож уу, алдаж уу гэдгээ үзнэ. Төгсөөд шууд Академид явуулсан бол нэлээн олон сайн дарга нар гарах байсан гэж боддог. Монголын хилийн цэрэгт байдаг бүх зэвсэглэлийг бид цэргийн сургуульд сурч төгсөж байлаа. Харин Орост сурсан нөхдүүд мэдэхгүй. Зөвлөлтөд төгссөн хүмүүс цэргийн мэдлэг, соёлын түвшин илүү байсан. Харин бид ярих хөөрөх, ачаалал даах, хүн удирдах чадвараар илүү байсан. -Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ? -Би төгсөөд Сулинхээрийн отрядад салааны захирагчаар томилогдсон. Хэдхэн сар болоод заставт улс төрийн орлогчоор 6 жил ажилласан. Тэгээд Хангийн заставын даргыг бараг 6 жил хийсэн. Тэр үед хилийн цэрэгт туршлага болж анхны сургалтын полигон, байлдааны буудлагатай тусгай дасгал, сургууль хийдэг полигон байгуулж хугацааны өмнөх хошууч цолоор шагнуулж байлаа. Хилийн цэргийн аварга болоод Улаан-Уулын отряд руу шилжсэн. Тэнд 7 жил Химийн албаны даргаар ажилласан. Тэгээд тасгийн дарга, штабын дарга, отрядын даргаар дэвшин ажилласан даа. Ер нь хичээлдээ гайгүй төгссөн хүүхдүүдийг Сулинхээр, Улаан-Уулын отрядад томилдог байсан. Тийм ч болохоор тэндээс олон дарга, хурандаа нар төрсөн байдаг. -Онолын мод нов ногоон бол амьдралын мод бор саарал л гэдэг. Таны сурсан эрдэм танд хэр хэрэг болов? -Үнэндээ ажил дээр гараад иртэл нийтэд гайхагдтал сурсан улс төрийн хичээл нэг их хэрэг болоогүй. Бидэнд тэр хичээлүүдийг маш их хугацааг зарцуулж сургасан байдаг юм. Харин цэргийн хэргийн хичээл бага үзэж байсан. Гэхдээ би нэг зүйл сонирхвол өдөр шөнөгүй суугаад л сурчихдаг байсан. Үй олноор хөнөөх зэвсгийн бэлтгэлийг дөнгөж үзээд л өнгөрдөг байсан. Бид практикт очоод нөгөө багажуудыг нь мэдэхгүй асуудал тулгарна. Радиац, туяажилтаа хэмжиж чадахгүй. Би сонсогч байхдаа үй олноор хөнөөх зэвсгийн бэлтгэлийг өөрөө сонирхоод онцгой сурчихсан. Тиймээс намайг Улаан-Уулын отряд руу Химийн албаны даргаар томилж байлаа. Тухайн үедээ хими мэддэг хүний нэг нь болж байв шүү дээ. Би онжавууддаа хэлдэг байсан. “Бид нар лекц уншихаас өөр юмгүй төгсөх гээд байна шүү. Тийм болохоор цэргийн хэрэгтээ анхаарцгаая аа, мэдлэгээ дээшлүүлье, төвлөрье” гэж ярьдаг байсан. Төгсөөд очиход яг миний бодсон шиг л байсан. Зөвлөлтөд төгссөн офицеруудад мэдэхгүй юм байхгүй. Харин бид нар практикт ярихаас цаашгүй л байсан, яг үнэндээ. Тэр хоцрогдлыг би жилийн дотор л нөхсөн. Биеэ дааж, академи төгссөн хүмүүсээс суралцсан. Цэргийн тусгай дунд сургуулийн улс төрийн хичээл нь хэрэг болоогүй ч бидэнд зөндөө их чадвар олгосон байсан. Бид чөлөөтэй бичиж, ярьж чаддаг, юмыг ургуулан боддог, логик сайтай байлаа. Намайг бичих боловсруулах чадвар өндөр гэж хилийн цэргийнхэн үнэлдэг юм. Тэр бол тэнд л сурсан чадвар. Сүүлд Удирдлагын академид сурахад бага зэрэг л өөрчлөгдсөнөөс Цэргийн тусгай дунд сургуульд үзсэн хичээл яг л байсан. Бид маш мундаг программаар суралцсан юм билээ. Анх дэслэгч цол зүүгээд хил дээр очиход хэрэг болох эрдэм тун бага байсан ч сүүлд дарга болоод удирдах албан тушаал хашихад маш их хэрэг болсон. Би 1995 онд Улаан-Уулын отрядын штабын даргаар ажиллаж байгаад Сулинхээрийн отрядын даргаар томилогдсон. Тэгэхэд удирдах арга барилын хувьд надад сураад байх зүйл байгаагүй. Ерөөсөө би олон жилийн өмнө удирдах ухаанд л бэлтгэгдчихсэн дарга байсан. Тэр үед Цэргийн тусгай дунд сургуульд сурсан эрдэм маань хэзээ хойно хэрэг болдог юм байжээ гэж бодож байлаа. -Сурсан эрдэм хэрэглэгдэхгүй байна гэж байдаггүй байх нь ээ? -Хүн тасралтгүй сурч байх ёстой. Миний амьдралын туршлага бол тэр. Би яагаад дутуу байгаагаа олж харах гээд ЗХУ-д төгссөн офицеруудын орос хэл дээрх конспектүүдийг их уншдаг байсан. Тэгээд уншаад судлаад байхаар хэдхэн сарын дотор л тэдэнтэй эн зэрэгцчихдэг. Би академи төгссөн хүнтэй ажиллах дуртай. Бид нарыг Фрунзын академийн программаар сургачихсан учраас дайн байлдааны онолын асуудлыг их сонирхоно. Зүүнбаянгийн офицеруудтай их найзална. Дайн байлдааны агуулга, хэлбэр яаж өөрчлөгдөж байна, дайтах арга, хэлбэрт өөрчлөлт орж байна уу гээд л сонирхоно. Тийм болохоор армийн найз надад олон бий. Армийн найзууд маань намайг Цэргийн ерөнхий сургууль төгссөн гэдэг юм. Яагаад гэхээр манайд Цэргийн ерөнхий сургуулийн багш нар олон байсан. Хуулийн багш нараас бусад нь бүгд өндөр боловсролтой Цэргийн ерөнхий дээд сургуулийн багш нар байсан. Дараа нь ихэнх нь ардын багш, гавьяат багш, доктор, профессор болсон доо. -Онц сурахын давуу тал нь юу вэ? -Би ерөөсөө тасралтгүй л онц сурсан ангийн дарга байлаа. Юмны эцэст хүрэх сонирхолтой. Онц сурахын давуу тал бол хөгждөг. Хүн болгон онц сураад байдаг юм биш. Дүн бол ердөө илэрхийлэл. Харин онц сурах бол хөдөлмөр бас авьяас. Юмыг сурах авьяас гэж байна. Бас тасралтгүй сурах гэж нэг юм бий. Хүн нэг сургууль төгсөөд болчихлоо гэвэл өрөөсгөл. Гурван жил суралцахгүй зогсоход л эрдэм элэгдэнэ. Мэдлэг багатай хүн өөрийн гэсэн толгойгүй бусдын үгээр л явна. Онолын мэдлэгийг амьдрал дээр яаж хэрэгжүүлэхээ ч мэдэхгүй. Тэгэхээр сургалт бол цэргийн хүний үндсэн арга. Одоо хүртэл дайн байлдааны тактикт ямар их өөрчлөлт орж байна, явуулах арга нь яаж өөрчлөгдөж байгаа билээ дээ. Бид дэмий юм яриад нэг байшинд суух юм бол цаг тулахад бэлэн биш. Ерөөсөө цэрэг хүн болохгүй цагт байнга бэлэн байх ёстой. Сурах авьяасыг хөгжүүлэх гол зүйл бол зүтгэл. -Таны сурах арга барил юу вэ? -Би хүүхэд байхаасаа өглөө 05.30 цагт босоод сурчихсан. Гэхдээ миний идэвхтэй цаг үдээс хойш байдаг. Хүн болгон өөр. Хичээл дээр юу ч ойлгоогүй хэрнээ орой 30 минут суугаад учрыг нь олчихдог хүн бий. Бас бүтэн өдөр юу ч цээжилж бараагүй хэрнээ өглөө 30 минутад бүгдийг нь цээжилчихдэг хүн ч байна. Сурч байж л цаашаа явна. Сурахгүй бол ирээдүй бүрхэг. Амьдрал аяндаа ялгаад өгдөг. Сурах цагтаа л сурахгүй бол сурах чинь дандаа олдоод байдаг эд биш. Одоо бол тасралтгүй сурсан ч болохоор байна. -Та англи хэлийг нэлээд өндөр түвшинд бие дааж сурсан юм билээ. Тэр талаараа хуваалцаач? -Манай цэргийнхэн дараагийн амьдралдаа бэлэн биш байдаг. Тэтгэвэрт гараад би яах вэ гэдгээ бодох нь ховор. Тэрийг эртхэн бодож төлөвлөх ёстой. Би тэтгэвэрт гарахдаа бэлдэж англи хэлийг гурван жил бие дааж сурсан. Анхандаа нас ч залуу байна, дахиад сурсан ч яах вэ гэж бодож байсан. Тэр үед шөнийн цагаар ажиллах нь их байсан учраас шөнийг зүгээр өнгөрөөж байхаар англи хэл суръя гэж шийдсэн. 45 настайдаа англи хэлийг орчуулгын түвшинд сурч байлаа. Өдөрт дор хаяж хоёр цаг нухахгүй л бол сурахгүй. Англи хэлтэй хүмүүсийн сонсоод байгаа зүйлсийг сонирхож сонсоно. Орос хэлний өгүүлбэрийн бүтэц англи хэлтэй адилхан учраас Орос хэл мэддэг хүн англи хэл сурахад амархан байдаг юм билээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа MCS компанид англи хэлний шалгалт өгсөн. Тэгтэл 200 хувь гээд биччихсэн байсан. Ингэж сурсан хүн ховор байдаг, та орчуулгын хүн байна гэсэн. Тэгээд MCS-ийн салбар компаниудад 7 жил ажилласан. Оюутолгой, Ухаахудаг зэрэг төслүүдэд канад, англи, австраличуудтай төслийн багийн зөвлөхөөр ажилласан. -Та хурандаа цолоо хэзээ авч байв? -Би 1995 онд хурандаа цолоо авсан. Базарсад генерал 1997 онд генерал цолоо аваад хурандаа хувцсаа надад бэлэглэсэн. “Чамаас өөр шингээх хүн алга. Яаж шинээр нь хаях вэ, чамд өгье. Хилийн цэргийн дарга болоорой” гэсэн. Тэр үед цэргийн алба маань дуусаж байсан учир албандаа сонирхол буурчихсан, зах зээл ид сонирхож байсан үе байлаа. Юун хилийн цэргийн дарга бушуухан тэтгэвэртээ гарах минь л гэж бодож байсан. -Сонсогч, оюутнуудад онц төгсөгч ахын хувьд юу захиж хэлэх вэ? -Боломж олдсон дээр цаг алдахгүй тасралтгүй сур. Гэхдээ өргөн хүрээнд сурах хэрэгтэй. Багшийн заасныг л зөвхөн сураад байвал дунд л төгсөнө. Цаашдаа дунд л амьдарна. Тэгэхээр оргилд нь хүрэхийн төлөө өөртөө цаг гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, ёс суртахууны хэм хэмжээг чанд мөрдөх хэрэгтэй. Сонсогч ахуйдаа л өөрийгөө хүн болгож бэлтгэхгүй бол амьдрал дээр гараад их сайн офицер болно гэж горьдоод хэрэггүй. Гуравдугаарт, өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Нэр сүрэнд дуртай гэж бодохын оронд би энэнээс яагаад дутуу байна, суурь мэдлэг, авьяас чадвар уу, хичээл зүтгэл үү гээд өөрийгөө зөв үнэлж бодох хэрэгтэй. Ер нь бол дундаж амьдрах шиг гуниг байхгүй. Одоо бол хэт сайн явахаар “шуузлуулаад”, муу явахаар ад үзэгдээд дундаж амьдрах моодонд орчихлоо. Гэхдээ дундуур явах бол буруу. Дундаж хүмүүсээс ямар ч бүтээл, амжилт гардаггүй. Тэд ямар ч хэрэг тарьдаггүй. Энэ юу бүтээсэн бэ гэхээр сайн л хүн гэхээс өөр юм байдаггүй. -Та нэг дунд дүнтэй юм билээ. Яагаад дунд авчихав? -Сахилгын асуудал гаргасан юм. Залуу байхад би зориг зүрх ихтэй хүн байсан. Их ч шийтгүүлнэ. Гэхдээ тэрэндээ огт гомддоггүй. Яг хүртэх ёстойгоо хүртлээ л гэж боддог. Зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө шийтгүүлэхээ мэдэж байсан ч зориг гаргадаг. Ч.Амарболд бид хоёрыг онц төгсөж байгаа учир ахлах дэслэгч цолтой төгсгөнө гэж ярьж байсан. Гэхдээ миний тэр асуудлаас болоод ахлах дэслэгч цол олгоогүй төгсгөсөн. Залуу хүн унана, босно. Гэхдээ ноцтой алдаа бол гаргаж болохгүй. Жижиг хэмжээний алдаа байлгүй л яах вэ. Эр зориг бол сонсогч хүнд байх ёстой. -Та сонсогч байхдаа ямар цолонд хүрнэ гэж мөрөөддөг байв? -Би отрядын штабын дарга, хошууч болно гэсэн зорилго тавьсан. Тэгтэл дэд хурандаа цолтой штабын дарга болж байлаа. Явцын дунд мөрөөдөл өссөөр отрядын дарга болсон. Гэхдээ ер нь дарга биш байхад л жаргалтай байдаг. Дарга хүн харахад гоё юм шиг мөртлөө мянга гаруй хүний хувь заяа хариуцдаг учраас хүлэгдмэл амьдралтай. Үлгэр жишээч байх ёстой. Өөтэй гишгэж болохгүй. Аливаад донжийг тааруулна гэдэг том ажилтай. Хэзээд нь доошоо болох уу, хэзээ дээшлэх үү, урагшлах уу, ухрах уу, байрандаа бат зогсох уу, гэдийх үү, бууж өгөх үү гээд удирдахуйн ухаан бол том шинжлэх ухаан. Заримдаа ухрахаас өөр аргагүй үе бий. Заримдаа буулт хийнэ. Заримдаа чирнэ. Ер нь удирдагчаас л бүх юм шалтгаалдаг. Ямар дарга байна, яг тийм л хамт олон байдаг. Дарга муу бол хамаг муу нэрийг хамт олон зүүнэ. Тэгэхээр даргад тавих шаардлага өндөр байх ёстой. -Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ? -Шударга л байх ёстой. Цэргийн хамт олон дарга хүнээс ганц л зүйл хүсдэг. Тэр нь шударга байх. Илүү дутуу заль, худлаа үнэн яриа цэрэг хүнд байх ёсгүй. Ахлах дэслэгч Д.Дайрийжав