БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-07
БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоод хэргийн их сургууль нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран “Монгол Улсын хууль сахиулах салбарт хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд их сургуулийн багшлах бүрэлдэхүүнийг хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

 

Тус үйл ажиллагаа нь хууль сахиулах боловсролын сургалтын агуулга, арга зүйд хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдлын зарчим, авлигаас урьдчилан сэргийлэх агуулгыг системтэйгээр нэгтгэн тусгах, улмаар ирээдүйн хууль сахиулах алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг хүний эрхийн зарчимд нийцүүлэн төлөвшүүлэхэд чиглэв.

Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор (Ph.D) Б.Энхболд “Хууль сахиулах боловсрол дахь хүний эрхийн асуудал” сэдвээр мэдээлэл хүргэж, хууль сахиулах салбарын боловсрол, сургалтад хүний эрхийн зарчим, хандлагыг тусгахын ач холбогдлын талаар оролцогчидтой санал солилцсон юм.

Мөн Авлигатай тэмцэх газраас төрийн албаны авлигын шалтгаан, нөхцөлд хийсэн үнэлгээ, судалгааны үр дүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболд хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн агуулгыг тусгах хэрэгцээ, шаардлагын талаар тус тус танилцуулж, сургалтын хөтөлбөрийг хүний эрхийн зарчимтай уялдуулах асуудлыг хөндлөө.

Сургалтын үеэр шинээр томилогдон ажиллаж байгаа багшлах бүрэлдэхүүнд зориулан хүний эрх, жендэрийн асуудлыг зөвхөн хичээлийн агуулгаар хязгаарлахгүйгээр сургалтын арга зүй, багш-суралцагчийн харилцаа, кейс болон сургалтын хэрэглэгдэхүүнд хэрхэн тусгах талаар практик дасгал, хэлэлцүүлгийг төслийн багийн гишүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн Ахлах багш, хошууч Э.Цэрэнханд, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Ахлах багш, цагдаагийн ахмад Д.Цэрэнлхам нар удирдан зохион байгууллаа.

Мөн төслийн багийн гишүүн Б.Амартогтох хиймэл оюунд суурилсан “EduTuslah” программыг ашиглан хичээлийн хөтөлбөрт хүний эрх, жендэрийн агуулга хэрхэн туссаныг үнэлэх, үр дүнд нь тулгуурлан хөтөлбөрийг сайжруулах арга зүйн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаагаар багш нарт хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан хичээлийн хөтөлбөрөө хүний эрх, жендэрийн зарчимд нийцүүлэн тогтмол үнэлж, сайжруулах шаардлагатай агуулгыг тодорхойлон, үр дүнд тулгуурлан хөтөлбөрөө тасралтгүй шинэчлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

Үүний зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комиссоос ДХИС-ийн Аюулгүй байдлыг хангах чиглэл (103)-ийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийсэн үр дүнг танилцуулж, Цагдаа, Шинжлэн магадлах ухаан, Хилийн алба, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлийн төлөөлөлтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь багш нарт хүний эрх, жендэрийн тэгш байдлын асуудлыг “тусдаа сэдэв” хэлбэрээр заахаас илүүтэйгээр хичээлийн зорилго, суралцахуйн үр дүн, агуулга, сургалтын арга зүй, кейс, хэрэглэгдэхүүн болон үнэлгээтэй уялдуулан тусгах арга зүйн чадавхыг хөгжүүлэхэд чиглэснээрээ онцлог байлаа.

Дотоод хэргийн их сургууль нь төслийн хүрээнд хичээлийн хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлага, жендэрийн тэгш байдал болон авлигаас урьдчилан сэргийлэх зарчимтай уялдуулан сайжруулах ажлыг үргэлжлүүлж, энэ чиглэлийн арга зүйг сургалтын үйл ажиллагаанд тогтвортой нэвтрүүлэн ажиллаж байна.

ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН, ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧИЙГ БЭЛТГЭХЭД БАГШИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram