Дотоод хэргийн их сургууль нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай сонсогч, суралцагч солилцооны хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ жил Цагдаагийн сургуулийн хоёрдугаар дамжааны таван сонсогч тус хөтөлбөрт хамрагдан хэл, соёл, эрүүгийн эрх зүйн анхан шатны мэдлэг, хүн худалдаалах гэмт хэрэг болон кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэг, олон улсын хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цагдаагийн тактик, дэлхийн аюулгүй байдлын засаглал зэрэг хичээлүүдийг судалж байгаа юм.
Мөн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуулийн 78 жилийн ойн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан гүйлтийн тэмцээнд Их сургуулийн Цагдаагийн сургуулийн 323 дугаар дамжааны сонсогч А.Итгэл амжилттай оролцож 10 улсын 400 тамирчинтай уралдан 27 дугаар байрт шалгарч, батламж, медалиар шагнуулсан байна.
Энэхүү солилцооны хөтөлбөр нь сонсогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ гадаад хэлний мэдлэг, соёл хоорондын харилцаа, олон улсын хамтын ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гадаадын хууль сахиулах байгууллагуудын сургалт, үйл ажиллагааны туршлагаас суралцах чухал ач холбогдолтой.