"ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНЫ АЧААР СУДЛААЧДЫН БҮТЭЭЛ ЧАНАРЖИХ БОЛСОН"

Огноо: 2026-10-22
"ХЗДХС-ЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНЫ АЧААР СУДЛААЧДЫН БҮТЭЭЛ ЧАНАРЖИХ БОЛСОН"

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний ‘Шилдэг бүтээл’, ‘Оюутны шилдэг илтгэл’, ‘Грант олгох төсөл’ шалгаруулах уралдаан жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа нь судлаачдын хувьд бүтээлээ олон нийтэд сурталчлах, бусад судлаачидтай өрсөлдөх, туршлага солилцох, өөрийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал билээ.

Судлаачийн зүгээс анзаарсан нэг зүйл нь энэхүү уралдааны ачаар судлаачдын бүтээл чанаржих болсон. Үүнийг дагаад өрсөлдөөн нэлээд хүчтэй өрнөх болжээ. Энэ их олзуурхууштай санагдана.

Миний хувьд уралдаанд Их сургуулийнхаа судлаачдын хамтаар 2024 онд "Зөрчлийн эрх зүйн тусгай анги" сурах бичиг, 2025 онд "Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практик" нэг сэдэвт бүтээлээр оролцож тус тус тусгай байр эзэлсэн.

Бүтээлүүдийг товч тайлбарлахад, “Зөрчлийн эрх зүйн тусгай анги” сурах бичгийг 2012-2016 онд байгуулагдсан Засгийн газрын хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд УИХ-аас Захиргааны хариуцлагын тухай хууль, захиргааны хариуцлага тогтоосон 270 гаруй хуульд байсан хэм хэмжээнүүдийг нэгтгэн 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлан гаргаснаар Монгол Улс захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээнүүдийг төрөлжүүлж, нэгтгэсэн хуультай болсонтой холбогдуулан боловсруулсан. Бүтээлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн бүтэц, дараалалд багтсан бүх хэм хэмжээг хамруулан, тэдгээрийг Эрүүгийн хуульд заасан төсөөтэй хэм хэмжээнүүдээс ялган зүйлчлэх онцлогийг мөн тодотгосон.

Харин ХЗДХС-ын нэрэмжит уралдааны (2025 онд) тусгай байранд шалгарсан “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практик” бүтээл нь Монгол Улсын хууль сахиулах тогтолцоо, хууль сахиулагчийн аюулгүй байдал, хууль сахиулагчийн амь бие, эрүүл мэндэд халдах гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хууль сахиулагчаас гэмт этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах үйлдэл, түүний хууль ёсны байх шинж зэргээс гадна хууль сахиулах зарим байгууллагын алба хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааны талаарх цогц асуудлуудыг тал бүрээс нь судалж, энэ чиглэлийн судлагааны суурийг тавьсан онцлогтой. Энэхүү бүтээл нь үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашид дараа дараагийн ботиудыг гаргахаар үргэлжлүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Эцэст нь хэлэхэд, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэхүү уралдаан тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа тул эрхэм судлаачид, сонсогч, суралцагч, оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮЛЭХ СУДЛААЧ, ДОКТОР (Ph.D), ЦАГДААГИЙН ХОШУУЧ В.АМАРСАНАА

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.157)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook