Тус клуб нь Дотоод хэргийн их сургуульд ажиллаж буй эмэгтэй алба хаагчдын манлайлал, мэргэжлийн хөгжил, хувь хүний өсөлтийг дэмжих, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой юм. Клубийн үйл ажиллагааг эмэгтэй хурандаа нар тэргүүлэн, эмэгтэй алба хаагчдын төлөөлөл гишүүд нь байхаар зохион байгуулжээ.
Хууль сахиулах салбар нь өндөр хариуцлага, сахилга бат, ёс зүй, тэсвэр хатуужил шаарддаг онцгой салбар. Энэ салбарт эмэгтэй алба хаагчид мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаараа төдийгүй хүн төвтэй хандлага, харилцаа, ёс зүй, манлайллын үлгэр дуурайллаараа үнэтэй хувь нэмэр оруулж яваа билээ.
Дотоод хэргийн их сургуулийн хөгжлийн бодлогын нэг чиглэл нь алба хаагчид бие биенээ дэмждэг, туршлагаа хуваалцдаг, дараагийн үеийн эмэгтэй манлайлагчдыг бэлтгэдэг хөгжлийн орчныг бий болгоход зорин ажиллаж байна.
Уулзалтын төгсгөлд Хууль зүйн сургуулийн эмэгтэй багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлаар санал хүсэлт солилцлоо.