ДЭД ХУРАНДАА Т.АЗЖАРГАЛ: ЭНЭ УРАЛДААН БОЛ СУДЛААЧИЙГ ТАНИУЛЖ БАЙГАА ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНИЙ ТОМООХОН АЖИЛ ЮМ

Огноо: 2026-11-05
ДЭД ХУРАНДАА Т.АЗЖАРГАЛ: ЭНЭ УРАЛДААН БОЛ СУДЛААЧИЙГ ТАНИУЛЖ БАЙГАА ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНИЙ ТОМООХОН АЖИЛ ЮМ
✅ Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, шилдэг илтгэл, грант олгох төслийн уралдаан 6 дахь жилдээ зарлагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан бид өмнөх жилүүдэд энэхүү уралдаанд амжилттай оролцсон эрдэмтэн судлаачид, багш, сонсогч, оюутнуудынхаа ярилцлагыг та бүхэндээ цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаа 2023 онд тус уралдаанд шилдэг бүтээлийн төрөлд тусгай байрын шагнал хүртсэн ЭЗНУС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Т.Азжаргалыг урьж ярилцлаа.

Энэ удаа 2023 онд тус уралдаанд шилдэг бүтээлийн төрөлд тусгай байрын шагнал хүртсэн ЭЗНУС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Т.Азжаргалыг урьж ярилцлаа.

✅ ХЗДХ-ийн сайдын нэрэмжит уралдаанд та ямар бүтээлээр оролцсон бэ?

-Би 2023 онд “Хууль зүйн хариуцлага” хэмээх бүтээлээрээ ХЗДХ-ийн сайдын нэрэмжит уралдаанд нэг сэдэвт бүтээлийн төрөлд өрсөлдөж тусгай байрын шагнал хүртсэн. Энэ уралдаанд оролцсон нь бүтээлээ үнэлүүлье, таниулъя гэдэг зорилготой байсан.

“Хууль зүйн хариуцлага” хэмээх бүтээлээ эрдэм шинжилгээний ажлын удирдагч, академич Ж.Амарсанаа багшаар хянуулж, мөн бусад судлаачийн шүүмж дүгнэлтийг тусган удаа дараа хянаж засварлан 2023 оны есдүгээр сарын 28-нд олон нийтийн хүртээл болгосон.

Энэхүү бүтээл нь эрх зүйн шинжлэх ухаан дахь хамгийн гол судлагдахууны нэг болох “хууль зүйн хариуцлага”-ыг бүхэлд нь авч үзэхийг зорьсон. Гэхдээ эрх зүйн хариуцлагын тогтолцоог тодорхойлох тэр дундаа хариуцлагын талаар ярихын өмнө зайлшгүй яригдах зүйл бол эрх зүйн ухамсар, соёл, мөн ёс зүй эдгээр нь хариуцлагатай хэрхэн яаж холбогддог вэ гэсэн онолын үндсийг тодорхойлох юм.

Хууль зүйн хариуцлагын тогтолцоо тэр дундаа үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага, түүний онол, арга зүйн үндсийг анхлан таниулах, бусад хууль зүйн хариуцлагаас ялган тодорхойлох, онолын болон хэрэглээний түвшинд өөрийн судалгааны үр дүнгээс танилцуулахыг зорьж энэхүү бүтээлийг гаргасан.

Энэхүү ажлын үр дүнг миний хувьд нэгдүгээрт судалгааны ажлыг дэмжиж байгаа, хоёрдугаарт судлаачийг таниулж байгаа хууль зүйн бодлогын хүрээний томоохон ажил гэж харж байна. Яагаад гэвэл эрх зүйн шинжлэх ухаан гэдэг бол ганц хууль тогтоох, эрх зүйг бүтээх үйл ажиллагаанаас гадна тухайн шинлэх ухааны онол арга зүйг хөгжүүлэх үйл ажиллагаа ч мөн давхар багтаж байдаг.

✅ Энэ уралдаан ямар шалгуураар вэ?

-Энэхүү уралдаан зохион байгуулагдаад таван жил болж байна гэдэг нь шалгарсан бүтээлүүд, тэрхүү бүтээлийн үр дүнд дэвшүүлж буй санаа, тодорхой хэмжээнд салбартаа үр өгөөжөө өгөөд явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хууль зүйн салбарт хүчин зүтгэж буй хүмүүс өөрийн бодол оюун санаанд байгаа зүйлийг цаасан дээр буулгаж зоригтой оролцох хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрийг оруулах боломжийг бидэнд олгож байгаа билээ. Би ч мөн адил урам авч ороод үзье гэж бодож л анх орж байсан. Тэгэхээр аль болох ороод үзэх хэрэгтэй. Тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит салбартаа зохион байгуулж байгаа уралдаант шалгаруулалт гэдэг бол их сургуулиуд, эрдэмтэн багш нарын бүтээл, чанар, чансаа шинжлэх ухааны бодлогыг тодорхойлж байдаг чухал уралдаан гэж тодорхойлж байна.

Би энэ бүтээлийнхээ нээлтийг 2023 онд хийгээд “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд тусгай байр эзэлж, үүнийхээ дараа 2024 онд академич С.Нарангэрэл даргатай хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлөөр “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага: Онол, туршлага, цаашдын чиг хандлага” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан. Энэхүү уралдаант шалгаруулалт энэ мэтчилэнгээр надад болон бусад судлаачдад, хууль зүйн салбартаа үр өгөөжөө өгч байна гэж харж байна.

✅ Т.Азжаргал докторын бүтээл маань Их сургуулийнхаа түүхт 90 жилийн ойд зориулсан шилдэг 120 боть бүтээлийн нэгд багтаж хэвлэгдсэн байх аа?

- Дотоод хэргийн их сургуулиас түүхт 90 жилийн ойдоо зориулан “Профессорын эрдмийн дээжис” 120 боть бүтээлийг хэвлүүлсэн. Энэ бол ДХИС-аас үе үеийн эрдэмтдийнхээ бүтээлийг хууль зүйн салбарт болон хойч үедээ өвлүүлэх том үйл ажиллагаа гэж үзэж байгаа. “Хууль зүйн хариуцлага” бүтээлээрээ энэ том ажлын нэг хэсэг болсондоо баяртай байдаг.

✅ Та энэхүү уралдаанд шавь нараа оролцуулж байсан туршлагатай. Шавь нар нь бас амжилт гаргасан байх аа?

-2022 онд эрх зүйн ангийн Энхням, Солонго зэрэг оюутныг удирдсан. Ингэхдээ миний “Хууль зүйн хариуцлага” бүтээлд эрх зүйн ухамсартай холбоотой, эрх зүйн ухамсрыг тодорхойлох арга зүйг тодорхойлж бүтээлийн хэмжээнд бичил түвшинд судалгаа хийж байсан. Энэхүү судалгааг өргөжүүлж Монгол Улсын иргэдийн эрх зүйн ухамсрыг тодорхойлох судалгааны асуулгыг дахин боловсруулж, хүрээг өргөтгөн явуулсан байдаг. Энэхүү судалгааг өргөжүүлж боловсруулаад нэг тэнхимд хамт ажиллаж байсан И.Ургамал доктортой хамтраад дээрх оюутнуудын илтгэлийг “Эрх зүйн ухамсрыг тодорхойлох замаар хуулийн үр нөлөөг дээшлүүлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд амжилттай удирдан оролцуулж тусгай байрт шалгарсан. Уг сэдэв нь хууль зүйн салбарт чухал асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч тусгай байранд шалгарсан гэж бодож байна. Тиймээс энэхүү асуудлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нийт иргэдийн эрх зүйн ухамсар, соёлыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага бид бүхний өмнө тулгараад байна. Учир нь түүний үндсэн дээрээс боловсруулагдаж буй хууль, тогтоомж, хууль зүйн ажил арга хэмжээ, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого арай өөр түвшинд тодорхойлогдох учиртай. Энэ нь миний хувьд 2023 онд өөрийн бүтээлээрээ оролцох урам өгсөн.

Оюутнууд энэ уралдааныг мэддэг, эртнээс бэлддэг уламжлал тогтоод байна. Одоо ч би оюутнуудынхаа эрдэм шинжилгээний илтгэлийг удирдаад л явж байна.

Багш, оюутнууд энэхүү тэмцээнд хүчээ сориод үзэх хэрэгтэй. Энэ тэмцээн нь судалгааны ажлыг дэмжих маш том хөшүүрэг юм. Олон бүтээл өрсөлдөх тусам шалгаруулалт, чанар чансаа жилээс жилд өсөж үр өгөөж, нөлөөлөл төдий чинээгээр өндөр байна

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.165)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook