“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮНЭЛГЭЭ” БҮТЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Огноо: 2026-11-05
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮНЭЛГЭЭ” БҮТЭЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” бүтээлийг танилцуулж байна

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ҮР ДҮНТЭЙ БАЙНА УУ? 

Урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх нь
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг бус, төрийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын оролцоонд тулгуурласан нийгмийн аюулгүй байдлыг хангах чухал үйл ажиллагаа юм. Гэвч энэ чиглэлээр хэрэгжүүлж буй олон арга хэмжээ зорьсон үр дүндээ хүрч байгаа эсэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад бодитой нөлөө үзүүлж байгаа эсэхийг бид хэрхэн мэдэх вэ?
Урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, аян зохион байгуулан, сургалт сурталчилгаа явуулж, тайлан мэдээ гаргах нь чухал. Харин эдгээр ажлын үр дүнг бодит мэдээлэл, судалгаа, шинжилгээнд тулгуурлан үнэлж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа ашиглах нь түүнээс дутахгүй ач холбогдолтой юм.
Энэ асуудлыг онол, эрх зүй, арга зүй, практикийн хүрээнд цогцоор нь авч үзсэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” бүтээл нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг хэрхэн тодорхойлох, үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах талаар хөндсөнөөрөө онцлог юм.
Хэрэгжүүлсэн ажил бүр үр дүнгээ өгч байна уу?
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд олон талт арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, залилан мэхлэх гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээнүүд үүний жишээ юм. Түүнчлэн олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа, хөршийн хяналтын хэлбэрээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хэрэгжүүлж байна.
Эдгээр арга хэмжээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулж болох хэдий ч тухайн арга хэмжээний дараа гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарлаа гээд үүнийг зөвхөн тухайн арга хэмжээний үр дүн гэж шууд дүгнэх боломжгүй. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн зан үйл, хууль сахиулах ажиллагаа болон бусад олон хүчин зүйл гэмт хэргийн түвшинд нөлөөлдөг.
Тиймээс “Хэдэн арга хэмжээ зохион байгуулсан бэ?”, “Хэчнээн хүн хамрагдсан бэ?”, “Төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байна вэ?” гэсэн асуултаас гадна “Ямар өөрчлөлт бий болсон бэ?”, “Тэр өөрчлөлтөд хэрэгжүүлсэн арга хэмжээ ямар нөлөө үзүүлсэн бэ?”, “Цаашид юуг сайжруулах шаардлагатай вэ?” гэсэн асуултад хариулт өгөх шаардлагатай.
Энэ бол урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээний гол агуулга юм.
Эрх зүйн шаардлагаас бодит үнэлгээний тогтолцоо руу
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт урьдчилан сэргийлэх ажлыг бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулахаар заасан. Мөн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр нөлөөг тогтмол судалж, үнэлэх чиг үүргийг тусгасан байдаг.
Эдгээр зохицуулалт нь урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх асуудлыг эрх зүйн түвшинд чухалчлан авч үзсэнийг илэрхийлнэ. Харин уг шаардлагыг бодит үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх, үнэлгээг ямар шалгуур үзүүлэлт, аргачлалд үндэслэн хийх, гарсан үр дүнг шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах нь практик ач холбогдол бүхий асуудал юм.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” бүтээлд энэ чиглэлийн өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагаа болон урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг цогцоор нь үнэлэх үйл явцын хоорондын ялгааг хөнджээ.
Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлсэн эсэхийг тогтоох нь нэг асуудал, харин хэрэгжүүлсэн ажил зорьсон өөрчлөлтөө бий болгож чадсан эсэхийг нотолгоонд тулгуурлан тодорхойлох нь өөр асуудал юм.
Үнэлгээ бол хяналт бус, хөгжлийн боломж
Уг бүтээлд үнэлгээний тухай ойлголт, төрөл, хамрах хүрээ, зорилго, үр нөлөө, үнэлгээнд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг судалж, хяналт-шинжилгээ, аудит зэрэг ойролцоо ойлголттой харьцуулан авч үзсэн байна. Мөн үнэлгээний төрөл, арга барил, арга зүйн харилцан хамаарлыг тайлбарлаж, олон улсын болон үндэсний хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөрүүдийг судалгаанд хамруулжээ.
Үнэлгээний зорилго нь зөвхөн алдаа дутагдал илрүүлэх, хэрэгжилтийг дүгнэхэд оршихгүй. Харин үр дүнтэй арга хэмжээг тодорхойлох, үр ашиг багатай үйл ажиллагааны шалтгааныг илрүүлэх, нөөцийг оновчтой хуваарилах, дараагийн төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.
Иймд үнэлгээг байгууллагын тайлант ажлын төгсгөлд хийдэг нэг удаагийн ажил бус, бодлого боловсруулах үеэс эхлэн хэрэгжилт, үр дүн, үр нөлөөг судлах хүртэлх тасралтгүй үйл явц гэж үзэх нь зүйтэй.
Бодит хөтөлбөрүүдэд хийсэн шинжилгээ
Энэхүү бүтээлийн нэг онцлог нь онолын асуудлыг практиктай холбон судалсанд оршино. Тухайлбал, “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа”, “Хөршийн хяналтын хөтөлбөр”-т матрицын болон дүн шинжилгээ хийж, хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн уялдаа холбоог судалсан байна.
Хөтөлбөрийн зорилго тодорхой боловч түүнд хүрэх арга хэмжээ нь оновчгүй, эсвэл хэрэгжилтийг хэмжих үзүүлэлт нь зорилготойгоо уялдаагүй бол бодит үр дүнг тогтооход хүндрэл үүсдэг. Иймээс хөтөлбөр боловсруулах үеэс эхлэн зорилго, зорилт, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлт, хүлээгдэж буй үр дүнг харилцан уялдаатай тодорхойлох шаардлагатай.
Мөн цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дүн шинжилгээ хийж, олон улсын болон зарим улс орны туршлагыг судалсан нь үндэсний практикийг сайжруулах арга замыг эрэлхийлсэн чухал хэсэг юм.
Шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний хэрэгцээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээг бодитой, системтэй явуулахад нэгдсэн стандарт, аргачлал чухал үүрэгтэй. Бүтээлд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хийх үнэлгээний стандарт”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хийх үнэлгээний аргачлал” зэрэг баримт бичигт тулгуурлан үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, цогцоор нь зохион байгуулах асуудлыг хөнджээ.
Ийм арга зүйг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, гарсан үр дүнг тайлбарлах, цаашдын бодлого, төлөвлөлтөд ашиглах боломжийг сайжруулж болно.
Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ажлын амжилтыг зөвхөн хэрэгжүүлсэн ажлын тоо, тайлангийн үзүүлэлтээр бус, бий болсон өөрчлөлт, бодит үр дүн, үр нөлөөгөөр нь үнэлэх сэтгэлгээ, арга барилыг төлөвшүүлэх явдал юм.
Үр дүнг үнэлдэг тогтолцоо — илүү оновчтой бодлогын үндэс
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” бүтээл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын онол, эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилт, арга зүйн тулгамдсан асуудлыг нэгтгэн судалж, тэдгээрийг сайжруулах боломж, зөвлөмжийг дэвшүүлсэн бүтээл юм.
Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, цагдаагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, судлаач, багш, оюутан, сонсогчдод онол, арга зүйн ач холбогдолтой эх сурвалж болох боломжтой.
Урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан хүч, хөрөнгө, цаг хугацаа бүр бодит үр дүнд чиглэх учиртай. Үүний тулд юу хийснээ тайлагнахаас гадна хийсэн ажлынхаа үр нөлөөг судалж, алдаа оноогоо тодорхойлон, цаашид хэрхэн сайжруулахаа мэддэг байх шаардлагатай.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх нэг чухал нөхцөл нь үнэлгээг тогтмол, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах явдал юм.

Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор, цагдаагийн ахмад Б.Хулан
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.165)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook