Сургалт, судалгааны 403-р анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн профессор, доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Э.Батбаяртай “Хорихоос өөр төрлийн ял” нэг сэдэвт бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд тус их сургуулийн эрдэмтэн, багш судлаачдын “Профессорын эрдмийн дээжис” 120 ботид таны “Хорихоос өөр төрлийн ял” нэг сэдэвт бүтээл хэвлэгдсэн. Энэхүү бүтээлийн талаар товч ярина уу?
-Түүхт ойн хүрээнд хуульч, докторант Б.Ганболдтой хамтран бичсэн “Хорихоос өөр төрлийн ял” нэг сэдэвт бүтээлийг маань дахин хэвлэж, нийтийн хүртээл болгосонд баяртай байна.
Энэхүү бүтээл нь эрүүгийн эрх зүй тэр дундаа эрүүгийн ялын сургаал, бүр цааш агуулгыг авч үзвээс, орчин үеийн чиг хандлагын түвшинд хорихоос өөр төрлийн ял гэгдэж буй чиглэлд хамаарах юм.
Дэлхийн улс орны эрх зүйн хөгжлийн чиг хандлага түүний дотор эрүүгийн эрх зүй ял, хариуцлагын төрөл хэрэгжилтийн сайн туршлагыг судлан үзэхэд өнөө цагт хорих ялаас ихэнх улс орнууд татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг аль болох гэр бүл, хамт олон дунд байлгаж, нийгмээс тусгаарлахгүй байхад онцгой анхаарч улмаар хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж, харин “хорихоос өөр төрлийн” ялыг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх хандлага эрс хүчтэй давамгайлах болсон байна.
Цаашид эрүүгийн эрх зүйн салбарын хуульчид, эрдэмтэн судлаачид хорихоос өөр төрлийн ялын нэгдмэл үзэл, ойлголтод хүрч, илүү онол ба шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, шинэ тутам хэрэглэгдэж байгаа, ялангуяа “... зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх” гэх зэрэг хорихоос өөр төрлийн ялын эрүүгийн эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээг нэг мөр, зөв ойлгон хэрэглэж, зохистой практик тогтооход шаардлагатай хэмээн үзэж энэхүү нэг сэдэвт бүтээлийг бичсэн болно.
-Та “Хорихоос өөр төрлийн ял” нэг сэдэвт бүтээлийнхээ онцлог, ач холбогдолын талаар дурдана уу?
-Бүтээлдээ ялын тухай ерөнхий сургаалыг авч үзсэний зэрэгцээ хорихоос өөр төрлийн ялд тооцогдож байгаа, одоогийн дагаж мөрдөж буй манай улсын Эрүүгийн хуульд тусгалаа олсон “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “эрх хасах” гэсэн ялын үндсэн 4 төрлийг тус бүрд нь авч үзсэн.
Хорихоос өөр төрлийн ял нэг тус бүрийг судлан авч үзэхдээ “... тухайн ялын ойлголт, онцлог, судлагдсан байдал, эрх зүйн зохицуулалтын түүхэн тойм, үзэл баримтлал, харьцуулсан судлал” зэргээр ангилж, агуулгыг харуулахыг зорьсон болно.
Онолын төдийгүй практик ач холбогдолтой, мөн зөв жишиг тогтоож, уг судлагдахууныг цаашид эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад тодорхой түлхэц, хувь нэмэр оруулах болов уу хэмээн зохиогчдын зүгээс үзэж байна.
Энэхүү бүтээл маань дан ганц эрүүгийн эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, багш, оюутан, сонсогч нарт зориулагдаад зогсохгүй эрүүгийн шүүн таслах ажиллагааны болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт ажиллаж байгаа нийт шүүгч, прокурор, өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч зэрэг практик ажилтнууд болон эрүүгийн ялын онол, арга зүй, практикийг сонирхон судалж буй бүхий л хүмүүст хэрэгцээт бүтээл учир та бүхний ширээний ном болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэлэхэд таатай санагдана.
“Сонсогч-Сурвалжлагч” клуб