МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн хорооны тэргүүн Ш.Цогтоо:

Огноо: 2026-11-05
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн хорооны тэргүүн Ш.Цогтоо:
📌Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “шилдэг бүтээл”, “шилдэг төсөл”, “шилдэг илтгэл” шалгаруулах энэхүү уралдаан нь хуульч мэргэжилтнүүд судлаачдын хувьд урьд өмнө нь төдийлөн тохиолдож байгаагүй өндөр мөнгөн шагнал бүхий эдийн засгийн үр өгөөжтэй, шударга шалгаруулалттай байгаа нь хуульч эрх зүйчдийг шинжлэх ухаанд дурлах, түүнд өөрсдийн хувь нэмрийг оруулах, ялангуяа эрх зүйн онол, практикт тулгамдан гарч ирж байгаа нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх тал дээр ХЗДХЯ-аас чухал дэмжлэг болж байгаагаараа өндөр ач холбогдолтой үйл хэрэг гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

 

📌Миний 2024 онд “Шилдэг грант төсөл” хүртсэн Монгол Улсын Захиргааны эрх зүй: ерөнхий тусгай анги” бүтээлийн хууль зүйн аналитик хэсэгт өнөө цагт Үндсэн хуультай зөрчилдөж буй нэлээдгүй проблем, шийдвэрлэх онол арга зүйн гарц гаргалгааг дэвшүүлэн тавьсан онцлог бий. Тухайлбал “хууль зүй ба дотоод хэргийн салбарын удирдлага нь өөр хоорондоо хамтдаа байх ёстой нийлмэл цогц судлал биш. Харьцангуй бие даасан өөр өөрийн онцлогтой хоёр өөр салбар үйл ажиллагаа, хоёр өөр судлагдахуун” тул түүнийг зөв голдиролд нь оруулах зайлшгүй шаардлага үүссэнийг онцлон дурдаж, тэдгээр судлагдахуунуудын хууль зүйн зааг ялгаа, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн тогтоох оролдлого хийснийг та бүгд үзэж сонирхох буй заа. Энэ бүтээлээ олон нийтэд хүргэхийн зэрэгцээ мэргэн олон эрдэмтэн шүүгчдэд уншуулж үнэлүүлж, салбарын сайдынхаа нэрэмжит шагналыг хүртсэндээ багш нь баяртай байдаг.

📌Миний хувьд энэхүү шинжлэх ухаанч арга зүй маань УИХ-аар удахгүй батлагдах “Эрх зүйн шинэтгэл II хөтөлбөр”-т биеллээ олно гэдэгт итгэл төгс байна.

Ингээд "Монгол Улсын Захиргааны ерөнхий анги" бүтээлд маань зохих тусгалаа олсон зүүлт шигтгээнүүд манай Дотоод хэргийн их сургуулийн оюутан магистрант, докторант, ялангуяа багш нарт хэрэг болох юуны магад хэмээн үзэж энд зарим нэгээс нь онцлон дурдая. Үүнд:

1. Шинжлэх ухаанд нэвтрэхэд дөтлөх зам хялбар арга техник гэж байхгүй. Нийгмийн харилцаа, нийгмийн амьдрал дахь ямарваа нэг үзэгдэл нь цаанаа зайлшгүй байдал, ямар нэг мөн чанарыг заавал агуулж, хүмүүст тулгамдаж буй аливаа проблемыг зөв зүйтэй шийдэх шийдлийг нэхдэг. Яг энэ цаг үеэс шинжлэх ухаанч арга зүй эхэлнэ.

2. Үндэсний эрх зүйн тогтолцоог хямралд хүргэх, гажуудуулах, монголын хууль тогтоомжийн уламжлалыг үгүйсгэх, бусдын хууль тогтоожмийг буруу зөрүү орчуулж, ухамсаргүйгээр хуулбарлах үйл явц урт удаан хугацаанд үргэлжилж байгаагаас тусгайлсан зохицуулалттай бэсрэг хууль тогтоомж бүү хэл, Үндсэн хуульд шууд заасан үндсэн хуульчилсан хуулиуд хүртэл “эвдэгдэж байгаагаас” зарим хууль ашиг сонирхлын шинжтэй олон арван нэмэлт өөрчлөлтөд нэрвэгдэж буйг хүлээн зөвшөөрвөл зохино.

Нэг үгээр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг шинжлэх ухааны нэгдмэл тогтолцоонд оруулж, төрөлжсөн хууль боловсруулж батлах замаар хууль тогтоомжийн хийдэл, зөрчилдөөн, давхардлыг арилгаж, өөр хооронд нь уялдаа холбоотой болгон, эмхэлж цэгцэлж, боловсронгуй болгох үе шаттай судалгаа шинжилгээний их ажил докторант, магистрант судлаачид та бүхнийг хүлээж байна.

3. Монгол Улсын Үндсэн хууль нь өргөн утгаараа бол иргэд, олон түмний язгуур хүсэл эрмэлзэл болох ард түмний амар тайван байдлын баталгаа, шударга ёсны дээд үнэлэмж мөн болно. Монголын ард түмэнд үүнээс чухал үнэт зүйл байхгүй гэж хэлж болно. Явцуу утгаараа бол Үндсэн хууль нь нийтийн ашиг сонирхлын шууд илэрхийлэл болсон УИХ, Засгийн газрын гишүүд бол ард түмний үйл хэрэгт үнэнч шударга үйлчилнэ гэдгээ тангарагласан хамгийн дээд эрэмбэтэй цорын ганц хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч буюу УИХ нь чухамдаа ард түмний зарц, боол, /publice servant/ үйлчлэгч юм. Энэ бол бидний дагаж дуурайдаг ардчилсан улс орнуудад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл хэм хэмжээ бөлгөө.

Монгол Улс үндэсний үзэл санааны концепц ямар байх ёстой вэ?

1. Би хэн бэ? Бид хэн бэ? Бидний түүхэн муухай ужиг эмгэг юу вэ? Бидний сайн сайхан нь юу вэ? (танин мэдэхүйн ерөнхий аналитк);

2. Бид хаанаас хаагуур яаж явж ирсэн бэ? (түүхэн гүн ухааны асуудал) ;

3. Бид хаашаа явж, юунд зорьж тэмүүлж байна вэ? (Ирээдүй судлал, үндэсний үзэл санааны асуудал) ; Та биднээс философийн дээрх гурван цогц асуудал үеийн үед хариулт нэхсээр иржээ. Эдгээр гурван асуудалд Монгол хүн бүр хариулт өгч чадаж баймааж нь бид нийгмийн төөрөгдөл (нийтийн тэнэгрэл)-өөсөө салж чадна, бас монгол улс үндэстний үзэл санааны өөрийн гэсэн концепцтой болно. Даанч үүнийг манай сэхээтнүүд сонирхохгүй байгаа нь манай улс үндэстэнд нүүрлэсэн аюулын харанга гэхэд огтхон ч хилсдэхгүй.

Монголчууд үндэсний гэх үзэл санааны философигүй, улс төрийн намууд нь гэрэлт ирээдүй өөд нэгэн зүгт нийтээр дагуулан тэмүүлэх алс хэтийн зорилго зорилт буюу өөрийн гэсэн “идеологи” ба“идеал”-гүй байгаагийнх юм.

📌Ингээд та бүхнийг Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит оны шилдэг бүтээл, грант төсөл шалгаруулах уралдаандаа амжилттай оролцохыг хүсье

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.165)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook