ЦАГДААГИЙН ХОШУУЧ А.БАЯРЦЭЦЭГ: “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Огноо: 2026-11-06
ЦАГДААГИЙН ХОШУУЧ А.БАЯРЦЭЦЭГ: “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
ЦАГДААГИЙН ХОШУУЧ А.БАЯРЦЭЦЭГ: “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА БА ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс Монгол Улсын их сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарын дунд “Багшийн хөгжлийн чиг хандлага ба өнөөгийн нийгмийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Багшийн хөгжил болон өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлыг нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгаанд тулгуурлан хэлэлцэх, судалгааны үр дүн, мэдлэг, туршлага солилцох, их сургуулиудын багш, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулна. Энэ талаар Нийгмийн ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч А.Баярцэцэгээс тодрууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай тэнхим 2011 оноос хойш Монгол Улсын их сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн хурлын онцлог нь ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн-2026-аас гарсан зөвлөмж, чиглэлийн дагуу багшийн хөгжлийн асуудлыг үргэлжлүүлэн хөндөж буйд оршино. Энэхүү хурал нь багшийн мэргэжлийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ нийгэмд тулгамдаж буй тулгуур асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд чиглэж байна. Мөн их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлж, судалгааны үр дүнг сургалтын практикт нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн “Генерал” танхимд зохион байгуулна.

-Хуралд хэн оролцох боломжтой вэ?

-Хуралд их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, профессорууд, салбарын судлаач багш нар болон эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох боломжтой. Мөн холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагын судлаачид, зочид, төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцоно.

-Хурлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Хурлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний шатны шалгаруулалтаас тэнцсэн илтгэлүүдийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлэх юм. Эхний шатанд бүтээлээ ирүүлсэн судлаачдын хариуг 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор утсаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Харин шалгарсан илтгэлүүдийг хэлэлцэх үндсэн хурал 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13.00 цагт Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн төв байрны “Генерал” танхимд (610 тоот) болно.

-Илтгэлийг ямар чиглэлээр хүлээн авах вэ?

-Багшийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага болон нийгмийн ухаан, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хөндсөн судалгааны илтгэлүүдийг 11 дүгээр сарын 06-ны дотор хүлээн авна.

-Илтгэлд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгнө үү?

-Хуралд ирүүлэх илтгэл нь шинэлэг санаа дэвшүүлсэн, судалгааны үндэслэлтэй, өмнө нь хэлэлцүүлэгдээгүй байх шаардлагатай. Мөн оршил, үндсэн хэсэг, дүгнэлт зэрэг эрдэм шинжилгээний бичвэрт тавигдах стандартыг хангасан байна.

-Хуралд оролцохоор бэлтгэж буй салбарын эрдэмтэн, судлаачдад хандаж юу хэлэх вэ?

-Монгол Улсын их сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарын эрдэм шинжилгээний судалгаа, олон улсын туршлага, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд салбарын эрдэмтэн, судлаачид, алба хаагчдыг судалгааны бүтээлээ ирүүлж, хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8003-6333 утсаар болон uiasocialscience@gmail.com цахим шуудангаар холбогдон авах боломжтой.

Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд нийт 8 илтгэл хэлэлцүүлэх бөгөөд нийт илтгэлийг багтаасан цахим эмхэтгэл олны хүртээл болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.165)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook