Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар болон Хэргийн газрын үзлэгийн холбооноос хамтран зохион байгуулсан “CSI KOREA 2026” олон улсын эрдэм шинжилгээний 12 дугаар хурал 2026 оны 11 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Сөүл хотноо боллоо.
Шүүх шинжилгээний салбарт Ази тивдээ хамгийн томоохонд тооцогддог тус хурал энэ жил “Хиймэл оюун ухааны эрин үе: Шүүх шинжээчийн үнэ цэн ба үүрэг” сэдвийн хүрээнд өрнөв. Энэхүү хуралд Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн ахлах багш, цагдаагийн хошууч Ц.Нандинцэцэг “Шүүх сэтгэцийн эмгэг судлал дахь орчуулгад тулгарч буй хүндрэл: Хиймэл оюун ухаан, эмнэл зүйн үнэлгээ ба Монгол Улсын хууль зүйн хоёртын ангилал” сэдэвт илтгэлээ хэлэлцүүллээ.
Тус хурлыг нээж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Сон Сүг видео мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн “AI” хиймэл оюун ухааны ёс зүйн шинжээч Кансу Жанжа (Cansu Canca) үндсэн илтгэл тавьсан байна.
Энэхүү хуралд Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Итали, Унгар, Сингапур, Монгол, Индонез, Эквадор зэрэг улсын эрдэмтэн, судлаачид болон Интерпол, Олон улсын таньж тогтоох холбоо (IAI), Азийн шүүх шинжилгээний сүлжээ (AFSN)-ний төлөөлөл оролцож, 30 гаруй илтгэл хэлэлцүүлэв.
Их сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэн магадлах ухаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх олон улсын туршлагыг судлахад тус эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой боллоо.