ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХ-АМАР: ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ЭРЭЛ ХАЙГУУЛ ХИЙХЭЭС ХЭЗЭЭ Ч БҮҮ ШАНТРААРАЙ

Огноо: 2026-11-11
ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХ-АМАР: ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ЭРЭЛ ХАЙГУУЛ ХИЙХЭЭС ХЭЗЭЭ Ч БҮҮ ШАНТРААРАЙ
“Энэ хичээлээр ямар мэдлэг олгодог вэ?” булангийн энэ удаагийн зочноор Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Д.Энх-Амарыг урьж ярилцлаа.  

-Та ямар хичээл заадаг вэ. Энэ хичээлийн зорилго, агуулгыг товч танилцуулна уу?

-Миний заадаг Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг хичээлүүд нь агуулгын хувьд хоорондоо нягт уялдаатай бөгөөд төрийн захиргааны үйл ажиллагааг эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх онол, практикийн нэгдмэл мэдлэгийг суралцагчдад олгоход чиглэдэг. Эдгээр хичээлийн үндсэн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл, хязгаарыг ойлгуулахын зэрэгцээ захиргааны шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх, захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн мэдлэг, практик чадвар, мэргэжлийн хандлагыг төлөвшүүлэхэд оршино.

-Энэ хичээлээр суралцагчид юуны талаар судалж, ямар гол мэдлэг, ойлголт, мэдээллийг олж авдаг вэ?

-Миний заадаг эдгээр хичээлийн эцсийн үр дүнг зөвхөн хууль тогтоомж мэддэг мэргэжилтэн бэлтгэхэд бус, харин эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд үндэслэн ажилладаг, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргадаг, хүний эрхийг хүндэтгэдэг, мэргэжлийн ёс зүйтэй төрийн албан хаагчийг төлөвшүүлэхэд чиглэж байна гэж ойлгож болно.

-Таны хичээлийн хамгийн гол онцлог, бусад хичээлээс ялгарах тал нь юу вэ?

-Миний бодлоор захиргааны эрх зүйн хамгийн гол онцлог нь захиргааны үйл ажиллагаа бусад салбар эрх зүйтэй харьцуулахад олон төрөл, олон түвшний эрх зүйн эх сурвалжид тулгуурлан хэрэгждэг. Учир нь төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ өргөн, төрөлжсөн байдаг тул тэдгээрийн үйл ажиллагааг зөвхөн нэг хуулиар зохицуулах боломжгүй. Иймээс захиргааны албан тушаалтан зөвхөн нэг хуулийг мэддэг байхаас гадна тухайн асуудлыг зохицуулж буй эрх зүйн эх сурвалжуудыг зөв олж тогтоох, хоорондын уялдаа, эрэмбэ, хүчин төгөлдөр байдлыг харгалзан хэрэглэх чадвартай байх шаардлагатай. Олон эх сурвалжтай байна гэдэг нь захиргааны байгууллага хүссэн хэм хэмжээгээ сонгон хэрэглэх эрхтэй гэсэн үг биш. Харин эрх зүйн хүчин чадлын эрэмбэ, эрх хэмжээ, зохицуулалтын хүрээ, хуульд нийцсэн байдлыг харгалзан зөв хэрэглэх үүрэгтэй гэсэн үг юм.

-Тус хичээлээр онолын мэдлэгээс гадна ямар практик мэдлэг, ойлголтыг суралцагчдад олгодог вэ?

-Суралцагчид бодит амьдрал дээр тулгардаг эрх зүйн асуудлыг олон талаас нь харж, хэрхэн тодорхойлох, тухайн асуудалд ямар хууль тогтоомж хэрэглэх, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах арга барилд суралцана. Мөн захиргааны шийдвэр, албан бичиг, өргөдөл, гомдол боловсруулах, иргэн, байгууллагын гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, захиргааны актын хууль ёсны байдлыг үнэлэх, эрх зүйн зөрчил, алдааг илрүүлэх зэрэг практик чадварыг эзэмшүүлдэг. Үүнээс гадна захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх, шүүхэд хэрхэн хандах талаар ойлголт авдаг. Хамгийн гол нь суралцагчид аливаа асуудалд зөвхөн өөрийн үзэмж, дадал туршлагаар бус, хууль тогтоомжид үндэслэн дүгнэлт хийж, шийдвэр гаргах чадварт суралцдаг. Энэ нь ирээдүйд төрийн албанд ажиллахдаа алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд хуульд нийцсэн, шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Энэ хичээлээр олж авсан мэдлэг нь суралцагчдын ирээдүйн мэргэжил, ажил амьдралд хэрхэн хэрэг болох вэ?

-Товчхондоо, эдгээр хичээл нь зөвхөн төрийн албан хаагчийг хууль зөрчихөөс сэргийлэх бус, иргэнийг өөрийн эрх, үүргээ мэддэг, хамгаалж чаддаг, төрөөс хууль ёсны шаардлага тавьж чаддаг эрх зүйн мэдлэгтэй иргэн болоход тусалдгаараа онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажилласан ч, хувийн хэвшилд ажилласан ч, ямар ч мэргэжил эзэмшсэн бай эдгээр хичээлийн мэдлэг хүн бүрд хэрэгтэй.

-Таны бодлоор энэ хичээлийг судлах нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдад ямар ач холбогдолтой вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдын олонх нь ирээдүйд цагдаа, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон бусад хууль сахиулах, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс иргэдтэй харилцаж, тодорхой эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах хүмүүс юм. Иймд тэд зөвхөн хууль сахиулах, үүрэг даалгавар биелүүлэх мэдлэгтэй байхаас гадна өөрийн эрх хэмжээний хязгаарыг мэддэг, аливаа үйл ажиллагаагаа хуульд үндэслэдэг, иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг байх шаардлагатай. Учир нь төрийн албан хаагчийн гаргасан нэг буруу шийдвэр, хууль бус үйлдэл тухайн иргэний амьдрал, эрх ашигт бодит хохирол учруулж болзошгүй. Мөн Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын хувьд эдгээр хичээлийг судлах нь мэргэжлийн төлөвшилд нь онцгой ач холбогдолтой. Учир нь тэд эрх зүйч мэргэжлээр төгсөж, цаашид шүүх, прокурор, өмгөөлөл, хууль сахиулах байгууллага, төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил болон бусад олон салбарт ажиллах боломжтой. Шүүх, прокурор, өмгөөлөл зэрэг салбарт ажиллахдаа төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны хууль ёсны байдлыг үнэлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээхэд эдгээр хичээлээр олж авсан мэдлэг, чадвар нь чухал үүрэгтэй. Тиймээс эдгээр хичээлийн гол ач холбогдлыг би хоёр талаас нь хардаг. Нэгдүгээрт, иргэний эрхийг зөрчихгүйгээр хууль ёсны дагуу ажилладаг төрийн албан хаагчийг бэлтгэх. Хоёрдугаарт, өөрийн эрхийг мэддэг, хамгаалж чаддаг эрх зүйн боловсролтой иргэнийг төлөвшүүлэх. Энэ хоёр зорилго нь хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, иргэн ба төрийн байгууллагын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

 

-Та энэ хичээлийг судлах гэж буй суралцагчдад юу гэж зөвлөх вэ?

-Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн нэг хууль хараад асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тухайн харилцааг зохицуулж буй хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, бусад эрх зүйн акт, тэдгээрийн уялдаа холбоог судалж, зөв зохицуулалтыг олж тогтоох шаардлага байнга тулгардаг. Заримдаа нэг асуудлын эрх зүйн үндэслэлийг олохын тулд олон арван хууль тогтоомж, эрх зүйн эх сурвалжийг судлах хэрэг ч гарна. Тиймээс энэ хичээлийг судлах гэж буй суралцагчдад хамгийн түрүүнд хэлэх зүйл бол эрх зүйн хэм хэмжээний эрэл хайгуул хийхээс хэзээ ч бүү шантраарай гэсэн зөвлөгөө юм.

"Сонсогч-Сурвалжлагч" клуб

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.68)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook