“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2025” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Огноо: 2026-11-11
“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2025” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач, цагдаагийн хошууч В.Номинчулуунтай ярилцлаа.

-“Монгол Улс дахь Гэмт хэргийн цагаан ном-2025” товхимол хэвлэгдэн гарч, захиалагч болон хууль сахиулах байгууллагуудад хүргэгдээд байна. Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн энэхүү бүтээлийг хариуцан эрхлэн гаргах болсон түүх болон залгамж чанарын талаар яриагаа эхэлье.

-Гэмт хэргийн нөхцөл байдал, хөдөлгөөн, чиг хандлагыг судлах нь гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад чухал дэмжлэг үзүүлдэг. Гэмт хэргийн статистик мэдээллийг бүртгэх асуудал сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлсээр байна. АНУ, Япон, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн зарим улс орон гэмт хэргийн нэгдсэн статистик мэдээллээс бүрдсэн “White paper on crime”-ыг өөрийн онцлогтоо тохируулан өөр өөр хэлбэрээр эрхлэн гаргадаг. Энэ жишигт нийцүүлэн Монгол Улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны санаачилгаар Монголын Криминологичдын холбооноос 2016, 2017, 2018 оны “Гэмт хэргийн цагаан ном”-ыг эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгож байсан. Харин 2019 оноос эхлэн энэхүү бүтээлийг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн хариуцан 6 дахь жилдээ эрхлэн гаргаж байна.

-“Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном” товхимол нь жил бүр тухайн цаг үеийн тулгамдсан асуудлыг онцлон авч үздэгээрээ онцлогтой байдаг. Өмнөх онд ямар асуудлуудыг онцолж байв?

-Жил бүрийн товхимлыг илүү шинэлэг, практик болон онолын өндөр ач холбогдолтой болгоход анхаарч ирсэн. Тухайлбал, 2024 оны товхимолд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хамгийн эмзэг асуудал болох хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөлийг тусгайлан авч үзэж байсан.

-“Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2025” товхимлын хувьд ямар асуудлуудыг онцлох бүлэг болгон эрхлэн гаргасан бэ?

-Энэ жилийн тухайд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны санхүүжилтээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны захиалгаар уг бүтээлийг эрхлэн гаргалаа. Бид 2025 оны товхимлыг боловсруулахдаа өмнөх залгамж чанараа хадгалахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд хамгийн их тулгамдаж буй цахим орчинд ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдлыг онцлох бүлэг болгон оруулсан.

– Энэхүү товхимол нь хууль сахиулах практик үйл ажиллагаа болон бодлого тодорхойлогчдод ямар ач холбогдолтой вэ?

-Уг товхимол нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй нүсэр их үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулахад чиглүүлэх үүрэгтэй чухал эх сурвалж мөн. Гэхдээ түүний гүйцэтгэх үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

Нарийвчилбал, олон нийтэд гэмт хэргийн ерөнхий нөхцөл байдал, хөдөлгөөн, бүтцийн талаар ерөнхий мэдээлэл өгөхөөс гадна гэмт явдлаас урьдчилан сэргийлэх цаашдын чиг хандлагыг оновчтой тодорхойлж, иргэдийг соён гэгээрүүлэх ажилд ч үр нөлөөтэйгөөр үл барам, криминологийн шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг нь энэхүү бүтээлийн гүйцэтгэх үүргийн чухлыг харуулна.

– Үнэтэй мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

– Энэ завшааныг ашиглаад “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2025” товхимлыг боловсруулахад шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангасан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, статистикийн байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчид, мөн тоо, мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулахад хичээл зүтгэл гарган ажилласан судалгааны багийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.68)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook