“ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ-120” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-06
“ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ-120” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ-120” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги – Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш-120” уулзалт, лекцийг 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Их сургуулийн “Генерал” танхимд зохион байгууллаа.

Уулзалт, лекцэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн бакалаврын хөтөлбөрийн сонсогч, суралцагчид болон Удирдлагын академийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратеги” магистрын хөтөлбөрийн суралцагчид хамрагдаж, Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, доктор(Ph.D), дэд профессор, хурандаа М.Алтан-Очир “Дэслэгч генерал Б.Цэдэн-Иш ба Засан хүмүүжүүлэх байгууллагын түүхэн замнал” сэдвээр лекц уншлаа.

Энэ үеэр дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх байгууллагуудын ажлыг эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байх хугацаандаа салбарын хөгжил, шинэчлэлд оруулсан үнэтэй хувь нэмэр, хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, ажлуудыг онцлон танилцуулсан юм. Тухайлбал, 1981 онд БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийг батлуулахад бодитой хувь нэмэр оруулж, хоригдлыг отрядын системд шилжүүлэх замаар хөдөлмөр зохион байгуулалтыг шинэчилсэн нь салбарын эрх зүйн орчин, үйл ажиллагааны хөгжилд чухал нөлөө үзүүлсэн түүхэн үйл явдал байв. Түүнчлэн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход оруулсан хувь нэмрийг нь онцлон дурдлаа.

Уулзалт, лекцийн үр дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцөөр бэлтгэгдэж буй сонсогч, суралцагчид салбарынхаа түүхэн зүтгэлтэн, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн амьдрал, хөдөлмөрийн замнал, ажилч хичээнгүй зан чанар, удирдан зохион байгуулах ур чадвар, эх оронч үзэл, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар мэдлэг, ойлголт авсан юм.

Энэхүү арга хэмжээ нь салбарын түүхэн уламжлал, үнэт зүйл, үе үеийн удирдах ажилтнуудын гавьяа зүтгэлийг залуу үед өвлүүлэн таниулах, суралцагчдын мэргэжлийн бахархал, ёс зүй, хандлагыг төлөвшүүлэх, цаашдын суралцах болон мэргэжлийн үйл ажиллагаандаа түүхэн туршлагаас суралцан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.165)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook