Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос хэрэгжүүлдэг Фулбрайтын “Англи хэлний туслах багш” (Fulbright English Teaching Assistant) хөтөлбөрийн хүрээнд Эстелле Роберта Балсиро (Estelle Roberta Balsirow) 2026–2027 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд ажиллаж байна.
Тус хөтөлбөр нь англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, суралцагчдын хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэх, соёл хоорондын ойлголцол, харилцааг дэмжихэд чиглэдэг.
Хөтөлбөрийн хүрээнд Estelle Roberta Balsirow нь Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтын багш нартай хамтран ажиллаж, бүрэлдэхүүн сургуулиудын сонсогч, суралцагчдад англи хэлний хичээлийг батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зааж, сургалтын үйл ажиллагаанд оролцож байна.
Түүнчлэн сонсогч, суралцагч болон алба хаагчдын англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс сонсогч, суралцагчдад, 11 дүгээр сарын 03-ны өдрөөс алба хаагчдад зориулсан англи хэлний ярианы клубт тус тус сургалт оруулж эхэлсэн.
Эдгээр сургалт, үйл ажиллагаа нь оролцогчдын англи хэлээр харилцах, мэдлэгээ практикт ашиглах, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.