Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс Монгол Улсын их сургуулиудын багш, судлаачдын дунд “Багшийн хөгжлийн чиг хандлага ба өнөөгийн нийгмийн асуудлууд” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Хурлыг нээж Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр үг хэлж, оролцогчдод амжилт хүссэн юм.
2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй тус хуралд зочин илтгэгчээр МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Отгонцэцэг “Багшийн хөгжлийн тогтолцооны шинэчлэл: Өгөгдөл ба үр дүнд суурилсан хандлага” сэдэвт, МУИС-ийн ШУС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн доктор (Ph.D), профессор М.Дэлгэржав “Нийгмийн эрэлт хэрэгцээ ба их сургуулийн багшийн хөгжлийн боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Мөн үндсэн илтгэгчээр Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч А.Баярцэцэг “Багшийн хөгжлийг суралцахуйн хөгжлөөр тайлбарлах нь”, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, докторант Н.Зол “Их сургуулийн багшийн инновацын хөдөлмөрийн цаг ба гүйцэтгэлийн үнэлгээний зөрүү: Олон Улсын судалгааны харьцуулсан социологийн шинжилгээ”, ОТИС-ийн -ийн ХЗС-ийн багш, доктор (Ph.D), профессор Энтони Миллер “The algorithmic paradox: balancing computational efficiency with Socratic inquiry in tertiary education”, ХААИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Г.Уянга “Nх сургуулиудын хамтын гэрээний агуулгад хийсэн шинжилгээ”, ИЗИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, докторант А.Гантулга “Багшийн хөгжлийн чиг хандлага ба өнөөгийн нийгмийн асуудлууд: Сургалтын олон аргуудыг үр дүнтэй ашиглах нь”, МУБИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.Даариймаа, Хөдөлмөрийн Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч, ҮЭ-ийн хорооны дарга С.Хүрэлсодном нарын хамтарсан “Багшийн хөдөлмөрлөх эрх “хамтын гэрээ”-ээр зохицуулагдсан тухайд (Монгол Улсын зарим их сургуулийн жишээн дээр)” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Энэ удаагийн хурал нь “ДХИС-ийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн-2026”-аас гарсан санал, зөвлөмжтэй уялдан багшийн мэргэжлийн хөгжлийг зөвхөн хувь хүний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх асуудлаар хязгаарлахгүй, сургалтын чанар, суралцагчийн хөгжил, байгууллагын бодлого, хөдөлмөрийн орчин болон нийгмийн өөрчлөлттэй харилцан уялдаатай авч үзэж буйгаараа онцлогтой.
Хуралд ДХИС, МУИС, МУБИС, ҮБХИС, ХААИС, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургууль, Хөдөлмөрийн их сургууль, Их засаг их сургууль зэрэг их сургуулийн эрдэмтэн, судлаачдын 31 илтгэл ирснээс 6 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэв. Илтгэлүүдийг 300 нүүр бүхий, ISBN дугаартай цахим эмхэтгэлд нэгтгэн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.
Хурлыг хааж, ДХИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам хурлын үр дүнг багшийн мэргэжлийн хөгжлийн бодлого, шийдвэрт тусгах нь чухал гэдгийг тэмдэглэж, оролцогчдод амжилт хүсэж, батламж гардууллаа.
Эрдэм шинжилгээний эмхэтгэлд багшийн хөгжлийн тогтолцооны шинэчлэл, суралцахуйн үр дүнд суурилсан арга зүй, сургалтын инновац, багшийн хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа зэрэг асуудлыг онолын болон эмпирик судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцлээ. Түүнчлэн хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн нөлөөгөөр багшийн үүрэг, сургалтын арга барил, үнэлгээний тогтолцоонд гарч буй өөрчлөлт, технологийн хэрэглээ ба суралцагчийн бие даасан сэтгэлгээний тэнцвэрийг хангах асуудлыг хөндөж байгаа нь хурлын агуулгын шинэлэг талыг тодрууллаа.